ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Хүрэлбаатар: “Эрдэнэт” үйлдвэрээс 2.2 их наядын 39 зөрчил илэрсэн

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-21

Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрт шалгалт хийсэн бөгөөд илэрсэн зөрчлийг хуулийн байгууллагад хянуулахаар өгөхөөр болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 2016-2019 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ. Мөн “Монголросцветмэт” компанийн мөн энэ цаг хугацааны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Шалгалтыг Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Татварын Ерөнхий газар, Монголбанк гэсэн дөрвөн байгууллага хамтарч хийсэн. Хоёр сарын хугацаанд шалгаад, өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар дүнг танилцууллаа. 

Шалгалтаар нийтдээ 20 төрлийн, 2.2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн. Зөрчлүүдийг нэг бүрчлэн гаргасан. Нэгдүгээрт, 2016 оны долдугаар сард компанийн бүтэцтэй холбоотой шийдвэр гаргасан юм билээ. Энэ шийдвэр нь компанийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл, Ерөнхий захирал нь нийгмийн асуудлаа хариуцдаг. Тэргүүн дэд захирал нь хүний нөөцөө хариуцах. Хууль эрх зүйн газрынхан нь үйлдвэрлэлийн бүх үйл явцыг хариуцдаг байхаар бүтцийг хийсэн байгаа юм.  Энэ компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхэд сөрөг нөлөө үзүүлэх. Тухайн үедээ энэ нь хууль бус гэдэг нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр хүртэл тогтоогдсон. 51 хувийг эзэмшиж байгаа талын эрх мэдэлд шууд бусаар халдсан гэж ажлын хэсэг дүгнэсэн.

Хоёрдугаарт, компани аливаа нэг гүйлгээ хийхдээ нэг, хоёрдугаар гарын үсэг зурдаг. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийнхэн мөнгөн дүнгийн хэмжээнээсээ шалтгаалж олон хүн гарын үсэг зурдаг байхаар хариуцуулж өгсөн байсан. Энэ бол санхүүгийн сахилга батыг бүрэн утгаар нь алдагдуулсан.  Хяналт тавих боломжгүй болгосон. Дараагийн зөрчил нь ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой. Тухайлбал, Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн Цемент, шохойн үйлдвэр “Эрдэнэт” үйлдвэртэй гэрээ хийгээд, урьдчилгаа гэж том дүнтэй мөнгө авсан. Тодорхой хэлбэл, гэр байгуулаад л шууд 103.6 тэрбум төгрөгийн урьдчилгаа олгосон байгаа юм. 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар авч үзэхэд, “Эрдэнэт” үйлдвэр саяны дурьдсан хоёр аж ахуйн нэгжээс 16.7 тэрбум төгрөгийн авлагатай байна. Цөөн тооны аж ахуйн нэгжүүдтэй, их хэмжээний мөнгөн дүн бүхий гэрээ хийгээд, гэрээг гүйцэтгүүлэхэд зориулж урьдчилгаа өгсөн гэж бид үзэж байгаа.

Үүнээс гадна, 2016 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр зэсийн 1.2 тонн баяжмалыг “Монголын зэс корпорациар” дамжуулж зарах гэрээг байгуулсан байна. Ногдол ашгийн зөрчлийг бас гаргасан. Өмнө нь гарчихсан байсан ногдол ашгийг “Монголын зэс корпораци”-д өгсөн. Хоёр удаагийн гүйлгээгээр 55.8 сая ам.долларыг шилжүүлсэн. Үүнийг эргэж сайн нягталж үзэх ёстой. Ногдол ашиг шилжүүлэхдээ татвар төлөөгүй.  Түүнээс гадна, “Эрдэнэт” үйлдвэр 64.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд, эмнэлэг байгуулсан. Дараа нь энэ эмнэлгээ “Медипас” гэдэг компанид шууд шилжүүлсэн. Энэ хууль зөрчсөн үйлдэл. Тиймээс хуулийн байгууллагад шилжүүлж, шалгуулах нь зүйтэй гэж үзсэн.

“Эрдэнэт” үйлдвэр зэсийн баяжмал гаргадаг. Цэвэр зэс гаргадаггүй. Гэрээгээр зэс цэвэршүүлдэг. Бид зэс хайлуулах, цэвэршүүлэх зардлыг өндөр байна гэж үзэж байгаа. Тиймээс энэ зардлыг бууруулах даалгаврыг өгсөн. Нийтдээ 6 төрлийн 33 тэрбум төгрөгийн татварын зөрчил гарсан. Акт тавьсан. Энэ мөнгийг авч, улсын татварт төлбөрүүлэх ёстой. Дараагийн нэг том зөрчил нь гаргаж байгаа зэсийн баяжмалынхаа сорьцыг гаалийн төв лабораториар шинжлүүлдэггүй. Өөрсдөө хувь компанитай гэрээ байгуулж, сорьцоо тогтоолгоод, түүндээ үндэслэж татвараа төлдөг байсан байна. Энэ зөрчлийг арилгуулах ёстой. Нийгмийн даатгалтай холбоотой дөрөв, аудитын зөвлөмжийг хэрэгжүүлээгүй нэг зөрчил байна. Дотоод аудит, хяналт тэнд бараг хэрэгждэггүй. 2016-2019 оны хооронд 2.4 тэрбум төгрөгийн хандив, тусламжийг өгч.

Бас нэг томоохон зөрчил нь худалдан авах ажиллагаа. Нийтдээ 2236 гэрээ байгуулснаас 1492 гэрээг шууд байгуулсан. “Эрдэнэт” үйлдвэрийн захирал нь хуулиас давсан тушаал гаргаад, түүгээрээ худалдан авах үйл ажиллагааг явуулж байсан. Энэ тушаалыг хүчингүй болгоод, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа худалдан авах ажиллагааны хуулийг хэрэгжүүлж ажиллахыг даалгасан.  Гэрээгээр томоохон барилга барина гэж ажил эхлээд, саравч бариад орхисон зөрчил ч гарч ирлээ. Худалдан авахтай холбоотой энэ мэт олон зөрчил байна. Худалдан авахтай холбоотой шалгалтыг дараа жил бид дахиж хийнэ.  Мөн гарсан зөрчлүүдийг хууль, хяналтын байгууллагад өгч шалгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа” хэмээлээ.