ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ таксины жолооч болжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-26

Гадны нэгэн улсын Ерөнхий сайд долоо хоногт нэг удаа таксины жолооч хийж, иргэдийнхээ амьдралд юу хэрэгтэй байгааг сонсдог, мөн зовлон бэрхшээлийг нь сонсдог тухай мэдээлэл соошл орчинд тавигдаж байлаа.

Тэгвэл энэхүү жишгийг нэвтрүүлсэн хүн нь Булганы улстөрч Ж.Бат-Эрдэнэ байлаа. Тэрбээр, 2016 онд Булган аймгаас УИХ-д сонгогдсон бөгөөд өчигдөр таксигаар иргэддээ үйлчилж, тойргийн иргэдийнхээ санал хүсэлтийг сонсчээ.

Энэ талаараа өөрийн нүүр номонд бичихдээ “Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт унаж байна. Иргэд маань бухимдаж байна. Асуудлуудыг мэдэхийн тулд таксинд жолооч хийж үзлээ. Өнөөдөр иргэд маань зовж байна, зүдэрч байна, ядуурал дээд цэгтэй хүрч байна. Гишүүд, нөхөд минь том том зүйл ярихын оронд эхлээд ард иргэдийнхээ асуудлуудыг шийдмээр байх юм.

Жолооч нартайгаа яриад явах үед ихэвчлэн том зүйлийн талаар бус амьдралын талаар төрөөс амьжиргааг нь сайжруулах, ард иргэд залуучуудад боломж олгох, бензин түлш, мах өргөн хэрэглээний үнэ тэнгэрт хадлаа үүнийг яах вэ. Та хэд юу хийдэг улс вэ гэж бухимдаж байна.

Аливаа зүйлд хийсвэрээр хөөрч попрохоос илүү бодитойгоор үйлдэл хийж төрөөс иргэдэд боломжийг нь засаж өгөх нь бидний үүрэг гэдгийг зарим гишүүд ойлгоосой” хэмээн жиргэжээ. Түүний энэ үйлдэл олон нийтэд таалагдаж байгаа ч зарим нь сонгууль ойртжээ, улс төрийн шоу хийлээ гэх мэтээр шүүмжлэх хүмүүс ч байгаа аж. Юутай ч Б.Бат-Эрдэнэ гишүүн автобусанд сууж, унадаг дугуй унаж байсан шиг улс төрийн шоу битгий байгаасай гэж хүсэх байна. Иргэдийнхээ хэлсэн үг бүрийг төрийн бодлогод тусгаж, энэ хэрээр амьдралд нь нэмэр тус болоосой гэж хүсье.