Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр (2019.05.27) хуралдаж байгаа билээ. Хурлаар Бодлогын зөвлөлийн бүтцээ шинэчлэхээс гадна УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр Хэнтий аймгийн Ардчилсан намын хорооноос санал болгосон Ж.Оюунбаатарын асуудлыг хэлэлцсэн юм.
Ингээд ҮБХ-ны гишүүдийн 98.75 хувиар Ж.Оюунбаатарыг УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжжээ. Нэр дэвшигч Ж.Оюунбаатар ярихдаа “Энэ сарын 20-нд миний бие аймгийнхаа намын хороонд өргөдөл гаргаж, нэрээ дэвшүүлсэн. Өнөөдөр албан ёсоор нэр дэвших эрхээ баталгаажууллаа. Өнгөрсөн жил мөн л нөхөн сонгууль зарлагдсан. Харамсалтай нь Цэцийн шийдвэрээр хойшлуулж байсан.
Өнөөдөр дахиад л Үндсэн хуулийн цэц хуралдаж байна. Шийдвэр өнөөдөр албан ёсоор гарна. Цэцийн дээр хөх тэнгэр байдаг бол сонгууль болно. Харин эрхтэн дархтнууд байдаг бол сонгууль дахиад л хойшлох байх. Энэ удаагийн нөхөн сонгуульд их ач холбогдол өгч байгаа. Улс төрийн намууд 2020 оны сонгуульд оролцох рейтингээ энэ сонгуулиас олж харна. Мөн сөрөг хүчин бүлэгтэй болох эсэхийг шийднэ. Нөгөө талаар 42 дугаар тойргийн иргэдийн эрх ашиг хангагдах учиртай юм. Улс төрийн төлөөлөлтэй болох иргэдийн эрх ашиг юу юунаас чухал юм” гэв.