УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн 49 дүгээр тогтоол болон нөхөн сонгууль зарлан товлосон 22 дугаар тогтоол нь Үндсэн хууль хууль зөрсөн эсэхийг өчигдөр цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцсэн билээ. Ингээд УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн 49 тогтоол хууль зөрчөөгүй, харин нөхөн сонгууль товлосон 22 дугаар тогтоол Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг цэц гаргасан юм. Тэгвэл цэцийн уг шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хууль зөрчөөгүй асуудлаар өргөдөл хүлээж авах ёсгүй. Зөвхөн зөрчсөн асуудлаар цэцийн дунд суудлын хуралдаан зарлаж хуралддаг. Д.Гантулгын өргөдлөөр дунд суудлын хуралдаан зарлсан нь өөрөө улс төрийн зорилготой харагдаж байгаа юм. Ямар ч үндэслэлээр байсан УИХ-ын гишүүн сайн дураараа чөлөөлөгдөх эрх нь Үндсэн хуульд бий. Нам бүртгүүлсэн бол 180 хоногийн дотор сонгууль явуулж болохгүй гэж байгаа. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн юм. Анх хууль баталж байхад нь ч гэсэн би хэлж байсан. Тухайн үед энэ хуулийг МАН, АН хоёр ярилцаад баталсан. Хэрвээ бүлэг завсарлага авсан бол хуучин хуулиар явах байсан. Бүлэг завсарлага авах хэрэгтэй байна гэж намын дарга Н.Энхбаяр руу би утасдаж байсан. Гурав дахь хүчнээ байхгүй болгохын тулд зориуд ийм сонин заалтууд оруулж байсан юм. Энэ хуульд хууль зөрчсөн олон зүйл заалт бий. Тэгэхээр зөвхөн намтай холбоотой асуудлын авч хэлэлцэн энэ шийдвэрийг гаргасан бол би цэцийн шийдвэрийг зөв гэх байсан. Харамсалтай нь Д.Гантулгын өргөдөлтэй хамт хэлэлцсэн болохоор үүнийг улс төрийн захиалга байна гэж шууд хардаж байна” гэв.
-Тэгэхээр энөхөн сонгууль болохгүй гэсэн үг үү?
-Болохгүй. Ямар ч боломжгүй. Яагаад гэвэл сонгуулийг хавар, намар явуулах хуультай. Гэтэл түдгэлзсэн гэдэг нь энэ сонгуулийг явуулах хуульгүй болчихож байгаа гэсэн үг. Хууль хэрэгжих боложгүй болж байгаа гэсэн үг. Тиймээс УИХ хүлээж авах уу ,үгүй юу гэдэг хамаагүй.