Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж хэд, хэдэн чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор Сангийн яам, гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв хамтран төрийн үйлчилгээний цахим төлбөр тооцооны системийг нэвтрүүлж байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Өөрөөр хэлбэл, иргэд Улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлдэг 38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг “Цахим төлбөрийн баримтын систем” буюу “ebarimt” аппликейшн ашиглан гар утаснаасаа интернет банкаар төлөх боломжтой гэсэн үг юм. Ингэснээр иргэд заавал банкинд очих, цаг алдах, гүйлгээ хийх бүртээ шимтгэл төлөх зэрэг хүндрэл арилж байгаа юм. Цаашид 185 төрлийн үйлчилгээ болон гааль, татвар, эрүүл мэнд, соёл урлагийн байгууллагуудад үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Ч.Хүрэлбаатар сайд хэлэхдээ “Иргэдэд учруулдаг хүнд суртлыг бууруулах чиглэлээр чухал шийдвэр гаргалаа.
Төрийн байгууллагаас үйлчилгээ, лавлагаа авах, банкинд төлбөр төлөхөд хүндрэлтэй, маш их цаг хугацаа алддаг. Төрийн үйлчилгээ авахын тулд иргэд 500, 1000 төгрөг төлөх шаардлага гарч, маш их цаг алддаг байсан. Эхний ээлжинд төрийн 38 үйлчилгээг хөнгөвчилж байгаа бөгөөд цаашид төрийн бүх үйлчилгээг хөнгөвчлөх чиглэлээр ажиллана. Ерөнхий сайд ч энэ ажлын нэг жилийн дотор төрийн бүх байгууллагыг хамруулж, хүнд суртал үүсгэхгүй, ачаалалгүй болгох албан даалгавар гаргаж, чиглэл өгсөн” гэлээ. Хуралдаанаар гаргасан өөр нэг шийдвэр нь Япон улсад 100 мянган ам.долларын тусламж үзүүлэх юм. Японы Чюүбү, Канто, Тохоку бүсийг дайрсан “Хагибис” хар шуурга, хүчтэй аадар борооны улмаас олон хүний амь эрсдэж, эд материалын хохирол учирсантай холбоотой энэхүү тусламжийг үзүүлэхээр болжээ. Энэ сарын 15-ны байдлаар 68 хүний амь эрсдэн, 15 хүн сураггүй алга болж, 212 хүн гэмтэж бэртжээ. Аврах, сэргээн босгох ажиллагаанд 110 гаруй мянган албан хаагч оролцож байгаа аж.
Мөн Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын гавьяа зүтгэл, амьдрал, түүхэн үнэнийг харуулсан “Түүх мартахгүй” баримтат, уран сайхны кино бүтээхэд зориулж 500 сая төгрөгийг нөөц сангаас гаргахаар боллоо. Киноны зураг авалт 89 хувьтай байгаа бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНЭУ-ын жүжигчид, уран бүтээлчид оролцож байгаа аж. Энэхүү түүхэн киног УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хариуцан хийлгэж байгаа билээ. Эцэст нь, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон дүүргүүдийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт угаарын хий хэмжигч, илрүүлэгч багаж худалдан авахад шаардлагатай 330 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах шийдвэр гаргаснаар хуралдааныг өндөрлүүлжээ.
Б.Тулга