ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Т.Ням-Очир: “Их Засаг Кинг” сургуульд хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй

O.Admin
48 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий хүмүүсийн хувийн сургуульд “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийн хүрээнд мөнгө өгч, техник, тоног төхөөрөмж авч өгөхөөр төсөв оруулж ирлээ гэх шүүмжлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа билээ.

Тодруулбал, анги дүүргэлтийг багасгах, сургуулиудын ачааллыг бууруулах “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 50 тэрбум төгрөг хувьсах зардал хэлбэрээр хувийн сургуулиудад олгож, ачаалал хуваалцах төрийн шийдвэрийг ийнхүү улстөржүүлж, Ерөнхий сайд руу зориудаар нааж эхэлсэн асуудалд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир тайлбар өгөв.

Тэрбээр, “Есдүгээр сарын 01-нд ганцхан “Эрдэм Нова” гэдэг сургуультай яг энэ төрөлжсөн ахлах сургуулийг өөрийн менежментээр хамтраад хэрэгжүүлээч гэдэг байдлаар хамтарч ажиллаад явж байна. Ганцхан сургууль байгаа гэсэн үг. Үүнээс гадна 5-6 сургуулийн хүсэлт ирснийг бид судалж байна. Гэхдээ гэрээ байгуулж, үйл ажиллагаа огт эхлээгүй.

Улсын төсвийн хөрөнгөөр хувийн хэвшлийн сургуулиудад тоног төхөөрөмж худалдан авч өгөх боломжгүй. Хууль, эрхзүйн хувьд боломжгүй. Хамтарч ажиллах сургууль дээр зөвхөн хувьсах зардал л яригдана. Хөтөлбөр хэрэгжүүлэхэд ямар өртөг зардал гарах юм гэдэг л асуудал. Сандал ширээ авч өгч, байрыг нь түрээслэх тийм асуудал огт байхгүй.

Боловсролын яам 4-5 сургууль дээр судалгаа хийгээд нэгтэй нь хамтарч ажиллаж байгаа гэж ойлгож болно. Бидний зүгээс 5 сургуульд санал тавьсны нэг нь “Их Засаг кинг” сургууль. Гэхдээ бидний саналыг хүлээж аваагүй. Хоёрхон жилийн өмнө 2000 хүүхэдтэй байсан сургууль өнөөдөр 6000 хүүхэдтэй болсон байна. Хэрвээ “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй бол нэг ангид багадаа 70-80 хүүхэд сурах нөхцөл байдал үүсээд байна. Үүнийг мушгин гуйвуулж, улстөржүүлсэн асуудал үүслээ” хэмээн тайлбар өгчээ.