ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Баттулга: Өвчин, зовлон нь өрсөлдөөн биш, хэвлэл мэдээллийн байгууллагууд өндөр ёс зүйтэй, хариуцлагатай байхыг уриалж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-03

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэвлэл, мэдээллийн байгууллагын нийт ажилтнуудад хандан илгээлт гаргалаа.

ИЛГЭЭЛТЭД:

“Эрхэм сэтгүүлчид ээ,

Хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд аа,

Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг дэвшүүлье.

Дэлхий дахинаа коронавирусний халдвар тархаж байгаа энэ цаг үед онцгой байдал, цагдаа, эмч мэргэжилтнүүдээс дутахгүй бэлэн байдалд ажиллаж, нийгмийн амгалан тайван байдлыг сахиулахад үнэн, бодит мэдээллээр үнэтэй хувь нэмрээ оруулж буй Та бүхэнд юун түрүүнд талархал илэрхийлье.

Өвчин, зовлон нь өрсөлдөөн биш бөгөөд туйлын эмзэг энэ үед үнэн бөгөөд баталгаатай мэдээллийг хүргэхдээ ч гэсэн ухаан сийлж, үр дүнг нь урьдчилан тооцно гэдэгт итгэж байна.

Эрхэм сэтгүүлчид, салбарын удирдлагууд, судлаачид аа!

Би бээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд Та бүхнийг өндөр ёс зүйтэй, хариуцлагатай байхыг уриалсан. Мөн мэргэжлийн сэтгүүл зүйд суурилсан, сэтгүүлчдийн байгууллага, мэргэжлийн холбоод, зөвлөлийн тэнцвэрийг хадгалж, дотоодын механизмыг бэхжүүлэх асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн билээ. Энэ нь сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс зайлсхийх арга хэлбэрийг дэмжсэн, уриалсан алхам байсан ч тодорхой ахиц гарахгүй байгаа нь сэтгүүлчдийг ажил мэргэжилтэй нь холбогдуулан шалгаж байгаа олон жишээгээр илрэх боллоо.

Мөн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн эргэн тойронд болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаагийн хувьд хэвлэл, мэдээллийн салбарын мэргэжлийн холбоод, судлаачид нь хэвлэл, мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллагыг хуульчлах зэрэг хэд, хэдэн асуудлаар зөрүүтэй байр, суурьтай байгаа нь улстөрчдийн хүсэл зоригоос үл хамааран Та бүхний эрх чөлөөгөө баталгаажуулах явцыг зохих хэмжээнд удаашруулж байна.

Иргэд улстөрчдөөр дамжуулан засаглах эрхээ хэрэгжүүлдэг шиг мэдэх, үг хэлэх, хянах эрхээ сэтгүүлчдээр дамжуулан эдэлдэг билээ. Иймд би Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг зөвхөн салбарын зохицуулалтын хэмжээнд харахгүй байгаа бөгөөд нэг сэтгүүлчид холбогдох хэргийг ч нийтийн асуудал хэмээн ажиглаж ирлээ.

Тиймээс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль болоод мэргэжлийн үйл ажиллагаанд саад бэрхшээл учирч байгаа аливаа асуудлаар салбарын бүхий л төлөөллийг хүлээн авч уулзахад нээлттэй гэдгээ мэдэгдэж, та бүхний хүсэл зоригийн үндсэнд салбараа төлөөлөх бүрэн чадвартай, хүлээн зөвшөөрөгдсөн, нэгдмэл үзэл санааг тууштай дэмжин, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа уламжилж байна.

Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг дахин дэвшүүлж, нийгмийг соён гэгээрүүлэх их үйлсэд нь амжилт хүсье” гэжээ.