Улсад 42 жил бага ангийн багшаар ажилласан, найман хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн миний ээж өнөөдөр 1.060.000 төгрөгийн үндсэн тэтгэвэр авч байна. Харин 14 хүүхэд төрүүлж өсгөсөн хадам ээж маань төрийн байгууллагад ажиллаж байгаагүй учраас тэтгэврийн доод хэмжээ болох 769 мянган төгрөгийн тэтгэвэр авч байлаа.
Энэ хоёр хүний тэтгэврийн зөрүү бол зөвхөн нэг гэр бүлийн асуудал биш. Олон жил ажилласан, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хэрнээ бага тэтгэвэр авч буй ахмад настнуудын хувьд энэ бол олон жилийн турш яригдсан шударга ёсны асуудал. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан тэтгэврийн шинэчилсэн бодлогод энэ зөрүүг үе шаттай арилгах, ахмад настнуудын орлогыг нэмэгдүүлэх хэд хэдэн шийдвэр багтжээ.
2027 онд тэтгэвэрт ямар өөрчлөлт гарах вэ?
Нэгдүгээрт, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 380.300 төгрөгөөр нэмэгдүүлэхээр танилцуулсан. Ингэснээр ахмад настнуудын дундаж тэтгэвэр 1.335.400 төгрөгт хүрэх тооцоо гарч байгаа юм.
Хоёрдугаарт, 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгах бодлого хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл олон жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүн бусадтайгаа ижил хэмжээний тэтгэвэр авах бус, төлсөн жил, хөдөлмөрийн хугацаатайгаа уялдсан илүү шударга үнэлгээ авах зарчимд шилжихээр байна.
Гуравдугаарт, 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэврийг шинээр олгох зохицуулалтыг төсвийн тодотголтой уялдуулан хэрэгжүүлэхээр танилцуулжээ.
Энэ өөрчлөлт бодит амьдрал дээр ямар утгатай вэ?
Миний ээжийн хувьд тэтгэвэр нь багадаа 200 гаруй мянган төгрөгөөр нэмэгдэж, 1.3 сая төгрөгөөс давах боломжтой. Харин хадам ээж шиг хамгийн бага тэтгэвэр авч буй ахмадуудад шинэ зохицуулалт илүү мэдэгдэхүйц нөлөөлөхөөр байна. “Мөнгө нь хаана байна вэ?” Гэхдээ тэтгэвэр нэмэх тухай яриа гармагц хамгийн түрүүнд тавигдаж буй асуулт бол “Энэ бүх мөнгийг хаанаас гаргах вэ?” гэдэг асуулт.
Өнөөдөр гадаад орчинд дайн, геополитикийн эрсдэл үргэлжилж, дотоодод үнийн өсөлт, шатахууны хязгаарлалт зэрэг асуудал иргэдийн амьдралд шууд нөлөөлж байна. Ийм үед хэдэн зуун мянган ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх санхүүгийн эх үүсвэрийн асуудал яах аргагүй анхаарал татна.
Сөрөг хүчний зүгээс ч Засгийн газрын энэ бодлогыг шүүмжилж, иргэдийн нэрийн дансанд хуримтлагдах баялгийн сангийн хөрөнгийг урьдчилан зарцуулах гэж байна гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Харин Ерөнхий сайд Н.Учралын тайлбарласнаар Оюу толгойн ирээдүйн өгөөж, төрийн өмчит компаниудын ашгийг төсөвт төвлөрүүлж, иргэдийн орлого, тэтгэвэр, цалинг нэмэгдүүлэхэд ашиглах бодлого яригдаж байгаа аж. Түүний хэлснээр Оюу толгойн ирээдүйн ногдол ашгаас нэг их наяд төгрөгийг иргэдийн хуримтлалын санд төвлөрүүлж, үлдсэн эх үүсвэрийг эрчим хүчний асуудалд зарцуулах, мөн төрийн өмчит компаниудаас төвлөрүүлэх ашгийг тэтгэвэр, цалинг нэмэгдүүлэхэд чиглүүлэхээр төлөвлөжээ.
Эндээс нэг зүйл тодорхой харагдана. Тэтгэврийн нэмэгдэл гэдэг бол зөвхөн “мөнгө тараах” тухай асуудал биш. Харин төрийн өмчит компаниудын ашиг, уул уурхайн өгөөж, төсвийн гадуурх зарцуулалтыг хэрхэн иргэдийн амьдралд бодит орлого болгон буцааж өгөх вэ гэсэн илүү том бодлогын асуудал юм.
Ахмадын амьдрал тэтгэврээс хамаарч байна
Ахмад настнуудын хувьд энэ асуудал бүр ч эмзэг. Ойрын үеийн судалгааны мэдээллээр нийт ахмад настнуудын 96.2 хувь нь тэтгэврээрээ амьжиргаагаа залгуулж байгаа бол ганцаараа амьдардаг ахмад настнуудын 88.1 хувь нь мөн тэтгэвэртээ түшиглэн амьдардаг байна. Мөн 45 мянга гаруй ганц бие ахмадын дөрвөн хүн тутмын гурав нь ядуу амьдралтай гэсэн тоо бий.
Энэ тоонуудыг харвал ахмадын тэтгэвэр бол зүгээр нэг төсвийн зардал биш. Тухайн хүний өдөр тутмын хоол хүнс, эмчилгээ, байр сууц, дулаан, хэрэглээний төлбөрийг даах үндсэн орлого нь юм. Тиймээс тэтгэврийн нэмэгдлийг улс төрийн оноо авах хэрэгсэл гэж харахаас илүүтэйгээр ахмадын амьжиргааны баталгааг хэрхэн хангах вэ гэдэг өнцгөөс авч үзэх шаардлагатай.
“Олон жил төлсөн нь илүү авна” Тэтгэврийн шинэ бодлогын хамгийн анхаарал татах хэсэг нь энд байна. Өнөөдөр 30, 35 жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн боловч тэтгэвэр нь бага хэвээр байгаа ахмадууд олон. Тэдний гомдол нь энгийн. “Би олон жил ажиллаж, шимтгэлээ төлсөн. Яагаад бусадтай адилхан үнэлэгдэж байгаа юм бэ?” Шинэ бодлогын цаад зарчим нь үүнийг өөрчлөхөд чиглэж байна.
Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тэтгэврийн хэмжээнд илүү тодорхой тусгаж, олон жил төлсөн хүнийг илүү үнэлэх зарчмыг үе шаттай хэрэгжүүлэх юм. Жишээлбэл, 769 мянган төгрөгийн тэтгэвэр авч буй хүн 10 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол нэмэлтээр 151 мянган төгрөгийн баталгаат тэтгэвэр авах, 15 жил шимтгэл төлсөн бол 176 мянган төгрөгийн нэмэгдэл авах тооцоо танилцуулсан байна.
Харин 10 жил шимтгэл төлсөн ч нэг сая төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон ахмад 141 мянган төгрөгийн баталгаат тэтгэвэр авах зохицуулалт яригдаж байгаа. Эндээс харахад зорилго нь бүгдэд ижил мөнгө өгөхөөс илүүтэйгээр шимтгэл төлсөн хугацаа, тэтгэврийн хэмжээний зөрүүг харгалзан ахмад настнуудын орлогыг үе шаттай нэмэгдүүлэхэд оршиж байна.
Тэтгэвэр бол улстөржих сэдэв биш 35 жил ажилласан ахмадын тэтгэвэр болон огт ажиллаагүй хүний тэтгэврийн ялгаа ямар байх ёстой вэ? Энэ асуултын хариу нь зөвхөн эдийн засгийн тооцоо биш, шударга ёсны тухай ойлголттой холбоотой.
Төрийн ордон тойрон асуудлаа тавьж, тэтгэврийн зөрүүгээ арилгуулахыг хүссэн ахмадууд цөөнгүй. Тэдний хувьд өнөөдрийн тэтгэврийн нэмэгдэл гэдэг нь улс төрийн амлалт биш, олон жил төлсөн шимтгэлээ бодитоор үнэлүүлэх тухай асуудал юм. Төрийн өмчит компаниудын ашиг хаашаа урсаж байгаа, төсвийн гадуур ямар хэмжээний хөрөнгө эргэлдэж байгаа, уул уурхайн баялгаас иргэд хэдий хэмжээний өгөөж хүртэх ёстой вэ гэдэг асуудлыг Засгийн газар, УИХ, сөрөг хүчин цаашид илүү тодорхой тайлбарлах шаардлагатай.
Харин ахмадын хувьд нэг л зүйл хамгийн чухал. Өнөөдөр 769 мянган төгрөгөөр амьдарч байгаа хүн маргааш хэдэн төгрөгтэй болох вэ? Тэтгэврийн шинэ бодлогын үр дүнг хэмжих хамгийн энгийн шалгуур нь энэ. Хэрэв олон жил хөдөлмөрлөж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ахмадын тэтгэвэр бодитоор нэмэгдэж, хамгийн бага тэтгэвэртэй ахмадын амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч чадвал энэ бодлого зөвхөн төсвийн тоо биш, хүний амьдралд хүрсэн шийдвэр болно. Тиймээс тэтгэврийн асуудлыг улс төрийн маргааны нэг хэсэг болгохоосоо өмнө нэг зүйлийг санах хэрэгтэй. Тэтгэвэр бол ахмадын улс төр биш. Тэтгэвэр бол тэдний амьдрал юм.
