УИХ-ын гишүүн М.Энхцэцэг Эрчим хүчний сайд Б.Найдалааг мэргэжлийн бус хүмүүсийн томилгоо хийсэн, сэргээгдэх эрчим хүчний говийн бүсэд хийгдэж буй аукционыг хаалттай буюу нууцаар хийж байна хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл Эрчим хүчний сайд Б.Найдалаа энэ талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Эрчим хүчний салбарыг улстөржүүлэх, зориудаар гүтгэх асуудал гарч байна. Эрчим хүчний салбарыг хараат болгох гэлээ, нууцаар аукцион зохион байгууллаа гэх юм. Үүнд харамсаж байна. Эрчим хүчний салбар улстөржих салбар биш. 2019 онд Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дуудлага худалдаагаар явуулах хуультай болсон ч хууль хэрэгжээгүй.
Нэг ч төслийг явуулахгүй гацаасан байсан. Анх удаа Н.Учралын Засгийн газар хуулийг амилуулж, таван аймагт амжилттай аукцион зохион байгуулсан. Энэ бол Монгол Улсын эрчим хүчний салбарт түүхэн үйл явдал болсон. Яг энэ зарчмаар дахиад таван газар аукцион зарласан ч эрчим хүчний хараат байдлаас гарах зорилготой. Нууцаар явах ямар ч боломжгүй. Яагаад бид эрчим хүчний хувьд хараат болж болохгүй юм бэ. Яагаад үүнийг зориудаар улстөржүүлэх болов.
Хэрэгжиж байгаа таван багцыг задалвал,
-Одоо хэрэгжиж байгаа 5 аймгийн төсөл
-Азийн хөгжлийн банктай хамтраад баруун 3 аймагт
-Дундговь аймагт Олон улсын санхүүжилтийн корпорацтай хамтрах салхины станцын төсөл
-Оюутолгойн эрчим хүчний хэрэглээг хангах 3 багц төсөл
-Найман аймгийн 21 суманд нээлттэй сонгон шалгаруулалт тус, тус нээлттэй явагдаж байна" гэв.
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 75 хувьтай явж байгаа бөгөөд есдүгээр сарын сүүлээр 100 хувьд хүргэх аж. "Гацаагчдаас болоод Монгол Улс нарны, салхины, нүүрсний станцаа барьж чадахгүй өдийг хүрлээ. Асар их нөөцтэй атлаа 5/1-ийг нь гаднаас гуйж байгаа. Чадлын дутагдлаа импортоор нөхнө. Бүх чадлаараа өдөр, шөнөгүй ажиллаад өвөл тог хязгаарлахгүйн төлөө ажиллана. “Чөлөөлье” аяны хүрээнд нарны панелыг айл, өрхүүд ашиглаж эхэлсэн нь үр дүнтэй ажил болсон" хэмээн Б.Найдалаа сайд мэдэгдлээ.
