ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Салхитын алт, мөнгөний ордын нөөцийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой гэв

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-04

УИХын дарга Г.Занданшатар өчигдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт орших Салхитын мөнгө, алтны ордын үйл ажиллагаатай танилцжээ. 

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий мөнгө, алтны ордуудад төрийн эрхийг хэрэгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зорилгоор 2019 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг байгуулж, Салхитын мөнгө, алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус компанид шилжүүлсэн билээ. 

Энэ үеэр “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр Өмнө хийгдсэн ТЭЗҮ болон нөөцийн судалгаагаар Салхитын мөнгө, алтны орд нь ашиглалтын талбайнхаа гуравны хоёрт нөөц  тогтоолгосон. Уг судалгаагаар 808.3 тонн мөнгө 1117.1 тонн алтны нөөцтэй байсан. Хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлснээр дээрх нөөцийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтойг тогтоосон гэдгийг онцоллоо. 

Мөн тэрбээр “Ордыг анх төрийн мэдэлд авахад балгас шиг байсан. Одоогийн байдлаар үйлдвэрийн 80 хувийг монгол инженерүүдийн ур ухаанаар 30 хоногийн дотор шинэчилж, бүрэн автоматжуулаад байна. Зарим тоног төхөөрөмжийг өөрсдөө хийж, хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн. Тавдугаар сарын 1-ний өдөр үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн эхлүүлнэ гэсэн амлалтаа биелүүллээ. Үйлдвэрийнхээ анхны баяжмалыг гаргаад авчихсан. Төлөвлөгөө ёсоор таван жилийн хугацаанд 1.2 их наяд төгрөгийн тэтгэврийн зээлийн өр төлбөрийг төлөх даалгавартай” гэв. 

Тус орд нийт 2887,85 га талбайг хамардаг бөгөөд ил уурхайн Хүдэр баяжуулах үйлдвэрийг бүрэн ажиллуулж эхэлснээр анхны баяжмалаа гарган авчээ. Тус үйлдвэр нь жилийн дөрвөн улиралд 24 цагийн тасралтгүй ажиллагаатай. Хоногт 1000 тонн хүдэр боловсруулж, 30-40 тонн баяжмал гарган авах хүчин чадалтай. Нэг тонн баяжмалд ойролцоогоор нэг кг мөнгө, гурван гр алт, нэг кг гаруй зэс, цайр агуулагддаг. Баяжуулах үйлдвэр нь 5 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд хүдрийг хөвүүлэн баяжуулах аргаар боловсруулдаг байна.  

Усан хангамжийг уурхайн бүсээс 2000-3500 метрийн зайтай 4 гүний худгаас хангадаг бөгөөд үйлдвэрийн найдвартай ажиллагааг хангах нөөцийн гурван усан санг байгуулжээ. Баяжуулах үйлдвэр хуурай хаягдал гаргадаг. Байгаль орчинд ээлтэй технологид суурилан, хэрэглэсэн усны 85 хувийг дахин ашигладаг байна. 

Одоогоор тус ордод 220 орчим хүн ажиллаж байгаа бөгөөд цаашид ажлын байрыг 350 хүртэл нэмэгдүүлэх боломжтой аж. Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах үүднээс сургалт явуулдаг. Ажилчдын дундаж цалин хоёр сая орчим төгрөг аж.  

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Энэ ордыг төрийн мэдэлд шилжүүлэхэд их удсан. Жил гаруйн хугацаанд газар дээр нь ирж ажиллагаа явуулсны дүнд иргэдийн хяналт дор төрийн мэдэлд шилжүүлсэн. Ард түмэнд шууд өгөөжөө өгсөн баялаг ашиглалтын анхны жишиг орд боллоо. Иргэдийн амьжиргаа, улсын эдийн засаг, бүс нутгийн хөгжилд өндөр ач холбогдолтой юм. Баялгийн өгөөжийг ард иргэдэд хүртээх зарчмыг баримталж 228 орчим мянган ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэхэд нийт 770 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан. Хямралын үед эрчимтэй ажиллаж, үр ашиг бүтээж байгаа шинэ бүтээн байгуулалтын ажлын тод жишээ болж байна. Төсвөөс ямар ч санхүүжилт авалгүй, банкны зээлийн барьцаанд тавилгүйгээр зөвхөн өөрийн нөөц боломжоор нь ордын үйл ажиллагааг явуулж, бүтээн байгуулалт, баялгаа үйлдвэрлэж байна. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монгол Улсын алт, мөнгөний нөөцийг нэмэгдүүлнэ. Олон залуучууд ажлын байртай болж байна. Ингэж ард түмэн, улс орондоо өгөөжтэй сайн жишиг тогтоосноор цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлээр орд газруудаа зөв менежменттэй ашиглах  боломж байгааг харууллаа” гэв.