ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Баянзүрхчүүд “мөрөөдлийн баг”-аасаа салах нь

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-17

Хотын хамгийн их хүн амтай хоёр дүүргийн нэг бол Баянзүрх. Төрийн эрх барьсан улс төрийн нам нь дотроо хоёр хуваагдан зодолддог, төрийн сэнтийд нь дандаа үл бүтэх хүмүүс заларчихдаг энэ дүүрэг үргэлж л олны анхааралд байдаг.

Нохойны хөшөө барьсан Б.Батзоригоос эхлээд л Засаг даргын “тэнгэр” хаячихсан тус дүүргийнхэн УИХ-д дандаа буруу хүнээ сонгодог байлаа. Б.Батзориг, Ж.Батзандан, С.Жавхлан гэх мэтээр дандаа “мөрөөдлийн баг”-ийнхан энэ тойргоос сонгогдсон. Харин дүүргийнхээ төлөө тэд ажиллаж байсан нь ховорхон. Нэг нь улс төрийн шантааж хийгээд алга болчихно. Нөгөө нь  нохойн хөшөө барьж, ЖДҮ халааслаад завгүй.

Өөр нэг нь ганцаардаж байгаагаа гайхаж явсаар ташуур барьж орсон хаалгаараа шүүр бариад гарч ирсэн нь үнэн билээ. Угтаа улс төрийн хоёр нам золиосны хүмүүсээ л энэ дүүрэгт илгээж, сайн дурынхан нь дүүрэг удирдаж байгаа нэрээр талцан зодолдож байсан билээ. Өнгөрсөн дөрвөн жилд гэхэд л АН-ынхан хуваагдаж зодолдсоор бүрэн эрхийн хугацаагаа дуусгав. Хэн нь тэнд даргалдаг гэдгийг ч мэдэхгүй болтлоо хуваагдсан.

Тэгвэл энэ удаа улс төрийн намууд нэр дэвшигчдийнхээ чансаанд илүүтэй анхаарч, мөрөөдлийн багаас салгах сонголт хийлгэх гэж байгаад талархаад ч барахгүй сууна, баянзүрхийнхэн. Тодруулбал, энэ тойрогт хамгийн хүчтэй өрсөлдөгчдөө явуулсан нам бол МАН. Тус намаас Монголын шилдэг сэхээтэн, боловсролтой залуусын төлөөлөл болох Сангийн дэд сайд Х.Булгантуяа өрсөлдөхөөр боллоо. Тэрбээр, Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрог буюу 1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороонд МАН-аас нэр дэвших эрхээ авлаа. Улсын хэмжээнд рейтинг өндөртэй эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүлж байсан Дэд сайд Х.Булгантуяагийн тухайд хоёр ч улсад өндөр боловсрол эзэмшсэн, парламентад хамгийн их хэрэгтэй байгаа хүмүүсийн нэг. Тиймдээ ч нам нь түүнд энэ удаа хамгийн чухал тойргийг хариуцуулан өгч байгаа аж. 

Түүнтэй хамт Гавьяат эмч Ж.Чинбүрэн, Бага хурлын гишүүн Э.Бат-Амгалан нар мөн л Ардын намаас нэр дэвших эрхээ авлаа. Харин чадварлаг хуульч Б.Энхбаяр 22 дугаар тойрогт нэр дэвших бөгөөд УИХ-ын гишүүн М.Саранчимэг түүнтэй хамт тойрогтоо улирч нэр дэвших аж. Харин Ардчилсан намаас 22, 23 дугаар тойрогт НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, жүжигчин Ж.Баясгалан, АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд, Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа, НИТХ-ын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт нарыг нэр дэвшүүлэв. Өмнө нь энэ тойргоос гарсан Ж.Батзандан “ШИНЭ” намаасаа дахин нэр дэвших бол, “Та бидний эвсэл” буюу МАХН, ИЗНН, Монголын уламжлалын нэгдсэн намаас С.Бямбасүрэн, Б.Батболд, гавьяат тамирчин Р.Өсөхбаяр нарыг нэр дэвшүүлжээ.