Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2020 оны зургадугаар сарын 3-ны өдөр болох Их суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг эцэслэн хянан шийдвэрлэнэ гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.
Сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцохоор дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан бол, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтад нам, эвсэл нь сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байхаар өөр хоорондоо зөрчилтэй зохицуулалтыг хуульчилжээ.
Эдгээр заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлыг Үндсэн хуулийн цэц 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцээд, Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн болохыг тогтоон түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Гэвч Улсын Их Хурал энэ дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн тул Цэц маргааныг Их суудлын хуралдаанаараа эцэслэн хянан шийдвэрлэх гэж байна.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хийхээр товлоод байсан Дунд суудлын хуралдааныг Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Уг хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэхээр товлосон байв.