ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цэц сонгуулийн хуулийн зарим заалтыг хүчингүй болголоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-03

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдөр /2020.06.03/-ийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэлээ. Уг хуралдаанаар дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг,

  • 6.1.Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.

28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалт,

  • 28.3.1.Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн

холбогдох хэсэг иргэний төрийн байгууллагад сонгогдох эрхийг болон хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх төрийн үүргийг бэхжүүлсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна хэмээн шийдвэрлэж,  хуулийн заалтуудыг хүчингүй болголоо.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” 33 дугаар тогтоолыг хүчингүй болгов.