Дуулиан шуугианы чимээ нь Орос, Украины дайнд ч намжаагүй Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн асуудал улс төрийн тогоонд халуун сэдэв хэвээр байна. Учир нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд хамгийн эхлээд томоохон төслүүдээ гацаанаас гаргахаар шийдвэр гаргаж, Хөгжлийн банкны үйл ажиллагаатай танилцах, тэндээс хөрөнгө оруулалт босгох, өөрийг нь ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад шалгалтаар илэрсэн чанаргүй зээлдэгчтэй холбоотой зөрчлүүдийг жил гаруйн хугацаанд шийдэж чадсан эсэхийг шалгахаар очсон гэдэг. Гэвч нөхцөл байдал бахь байдгаараа, Хөгжлийн банкнаас зээл авсан МАН, АН-ын эзэдтэй компаниуд нэг ч төгрөг буцааж өгөх байтугай, үнийн өсөлт, эдийн засгийн хямрал, корона руу хамаг буруугаа чихчихээд сууж байж.
Энэ нөхцөл байдлыг харсан Ерөнхий сайд “түймэр тавих”-аар шийдэж, Хөгжлийн банкны удирдлагуудад өр төлбөрийг нь ав, өгөхгүй гэсэнтэй нь хатуу хариуцлага тооц, олж ирсэн мөнгөөрөө зогсолтод орсон төслүүдээ явуул гэсэн хатуухан даалгавар өгөөд давхиж одсон гэнэ лээ.
Тэр цагаас эхлэн Хөгжлийн банкны асуудал нийтийн анхааралд орж, үр дүнд нь цөөнгүй хэдэн төгрөг тус байгууллагын дансанд орж ирэв. Сэтгүүлч нар ч энэхүү сэдвийг чамгүй мөлжиж, зарим нь хожиж, цөөнгүй нь хохиров. Оноо цуглуулах гэж оролдсон нь ч олон. Гэхдээ хэн асуудлыг дэвэргэж, хэн анх сөхсөнөөс үл хамааран ирэх ашиг нь монголчуудад хэрэгтэй байлаа. "Төрд миний хамгаалагч байгаа, тэд намайг яаж ч чадахгүй" хэмээн даналзаж байсан компаниуд ч ар араасаа сандарч, албан тушаалаа ашиглан хариуцлагаас мултарсан хэсэг нь авлигын хэргээр “аавын хаалга” татаж эхлэв. Төр ийнхүү төмөр нүүрээ харуулж байгаа нь олон нийтийн дэмжлэгийг хүлээж буйгаас харвал лавтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний хатуухан өгсөн сануулга буруу байгаагүй юмсанж.
Тэгвэл Хөгжлийн банкны хамгийн том чанаргүй зээлдэгчдийн нэг болох "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийн хууль бус хувьчлалыг өнгөрөгч лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хүчингүй болгосны дараа өнөөдөр Төрийн өмчийн хорооны дарга тэргүүтэй албан тушаалтнууд тус үйлдвэрт очин шийдвэрийг танилцуулж байна. Харин тус үйлдвэрт эзэн суусан ХХБ-ны Ерөнхийлөгч, “сахал” Д.Эрдэнэбилэгийн хамсаатнууд “Энэ үйлдвэр чинь өмчтэй, өмчийнх нь эзэн нас барсан ч хуулиараа залгамжлах хүн нь бэлэн байна. Та нар шууд ирээд булааж авч болохгүй. ТУЗ томилогдох ёстой. Хувьцаа эзэмшигчид хэрхэх вэ. ТУЗ нь томилогдсоны дараа даргаа томилдог болохоос төрийн нэг шийдвэрээр хувийн өмчийг булааж болохгүй” хэмээн эсэргүүцэж байна.
Тэдний эсэргүүцэл туйлын зөв. Тэр тусмаа нам дамжиж гүйсэн шагналдаа том үйлдвэрээр бэлэг авч байгаа Л.Наранбаатар шиг худалч, луйварчин этгээдүүдэд зүгээр нэг бэлэглэнэ гэдэг хэрхэвч дэмжих асуудал биш. Гэхдээ Д.Эрдэнэбилэгийн талынхан энэ үйлдвэрийг тийм ариун цагаанаар, шударгаар авсан уу гэвэл үгүй билээ.
Чухам яагаад Д.Эрдэнэбилэгийн талынхан гэж тодотгож байна вэ гэдгийг одоохон тайлбарлая.
“Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” нь Хөгжлийн банкнаас зээл авах үед тус компанид Улсын дээд шүүхийн шүүгч асан М.Батсуурийн аав Д.Мишиг 20 хувь, Г.Энхбаяр 50 хувь, Р.Мөнхтуул 30 хувийг тус тус эзэмшиж байв.
2015 онд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нараас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Төрийн өмчийн хорооны дарга асан Ц.Нанзаддоржийн гаргасан тогтоол ёсоор “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн концессийн гэрээг цуцлан хувьд гаргаж, “Бэйзмент” компанид бүрмөсөн шилжүүлэх үед Г.Энхбаяр гэгч захирлаар нь ажиллаж байжээ. Харин тус компанийг өр төлбөртэй нь хамт өөрийнхөө барилга засвар, орчуулгын компани руугаа шилжүүлэн авсныхаа дараа “Хөтөл” ХХК хэмээн нэрийг нь өөрчилж, 62 тэрбумын өртөгтэй компаниа бэлэглэлийн гэрээгээр талийгаач М.Бөх-Очир гэгчид шилжүүлж байсан түүхтэй юм билээ.
М.Бөх-Очир нь ХХБ-д ажиллаж байсан, харин хүүхдүүд нь МИК /Монголын ипотекийн корпораци/-д өдгөө ч ажилладаг бөгөөд тус корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатартай ураг төрлийн холбоотой байсан гэх. М.Мөнхбаатар, Д.Эрдэнэбилэг хоёр салшгүй холбоотнууд. Ашиггүй ажиллаж, нэгнээс нөгөө рүү бэлэглэлээр шилжиж, хувьд гарсан тус компанид Хөгжлийн банк 200 тэрбумыг итгэж шилжүүлснээс хойш мөн л зургаан жил өнгөрсөн ч төрийн өрийг барагдуулаагүй.
Улмаар, 2016 оноос эхлэн тасралтгүй алдагдалтай ажилласан бөгөөд төрд өгөх ёстой өр нь 295 тэрбум төгрөг болжээ. Мөн өв залгамжлан авах ёстой хүн нь “Хөтөл”-ийг авахаас татгалзсан учраас эзэнгүй, хариуцсан ажилтан байхгүй, оршин суух хаяггүй өмч болон үлджээ. Гэтэл төр шийдвэр гаргаад очоод авах гэхээр өнөөх залгамжлагч нь гарч ирчхээд, би авна, миний өмч хэмээн өмгөөлөгч дуудаад зогсож байх аж.
Тиймдээ ч Засгийн газар шийдвэр гаргаж, 2015 оны наймдугаар сард гаргасан 330 дугаар тогтоолын хавсралтыг хүчингүй болгож, төрд авах шийдвэр гаргасан буруутгаад байх асуудал биш. Үндсэндээ концессын гэрээгээр "Бэйзмент" компанид 2021 он хүртэл эзэмшүүлж байсан үйлдвэрийг дундаас нь завшиж, хууль бусаар хувьчлал зохион байгуулсан луйварчид зохих ёсны шангаа хүртэж байна. Хатуухан хэлбэл, буруу аргаар авсан төрийн өмчийг хатуу зарчмаар, харгас шийдвэрээр төр буцаагаад авах гэж байна.
Тиймээс энд төрийн буруу, хувийн хэвшлийн өмчийг дээрэмдлээ гэсэн явуургүй пиар огтхон ч хэрэггүй. Төр өмчдөө эзэн болоод явах уу, эсвэл дуудлага худалдаанд оруулаад явах уу гэдгээ шийдэх учиртай. Харин Л.Наранбаатар мэтийн луйварчдад атгуулж гэмээнэ өмнөхөөсөө дордож, өрөндөө баригдаж, өтөнд /авлигачдад/ идүүлсэн бусад төрийн өмчит компаниудын нэг л болох эрсдэлтэй гэдгийг Ерөнхий сайд эрхбиш тооцож суугаа байх аа. Тиймдээ ч түр орлон гүйцэтгэгч томилж, дараагийн нүүдлээ тооцож байна хэмээн харж байна.