“Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход нэгдье” сэдвийн дор НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын болон бүс нутгийн конвенцуудыг соёрхон, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд төвлөрч буй аяны нээлт өнөөдөр /2024.11.22/ боллоо.
Арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир болон НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч, Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ина Марчюлёните болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул аяны нээлтэд хэлсэн үгэндээ жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход бүх нийтийн дуу хоолой, санал, санаачилга, оролцоо чухал гэдгийг онцлоод технологийн хурдацтай хөгжлийг дагаад жендэрт суурилсан хүчирхийлэл үйлдэх шинэ сувгуудыг нээж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг цахим орон зайг улам бүр аюултай болгож байна гэдгийг цохон тэмдэглэлээ.
ХЭҮК нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх илтгэл”-ийг 2 жил тутам УИХ-д хэлэлцүүлдэг.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22, 23 дахь илтгэлд улс төр болон гэр бүлийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдлын талаарх асуудлыг тусгаж, холбогдох саналын хамт УИХ-д өргөн барьж, шийдвэр гаргуулаад байгаа юм.
Тэрээр энэ талаар “Сүүлийн жилүүдэд гарч буй гэмт хэрэг зөрчлийн дийлэнх нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж, цагдаагийн байгууллагын дуудлага мэдээллийн эхний 4-т гэр бүл, ахуй хүрээний дуудлага мэдээлэл эзэлж байна. Мөн хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн дийлэнх нь гэр бүлийн орчинд эцэг, эхийн зүгээс үйлдэгдсэн байгаа бөгөөд төрөөс уг асуудалтай тэмцэхээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч энэ төрлийн зөрчил, гэмт хэргийн тоо буурахгүй байна.
Энэ нь тухайн хэрэг, зөрчил гарсан хойно биш гарахаас өмнөх урьдчилан сэргийлсэн бодлого, үйл ажиллагаанд ахиц гаргах, шалтгаан, хүчин зүйлд анхаарал хандуулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд ногдуулж буй ялын бодлого болон зан үйлд нөлөөлөх албадан сургалт үр нөлөөтэй эсэхийг тодорхойлох шаардлагатай харуулж байгаа учир гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хорих ялаар шийтгэгдсэн иргэдийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөр, үр нөлөө, цаашлаад албадан сургалтаар хохирогч болон бусад гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалахад үр дүнтэй нөлөөлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж байна” гэлээ.