УИХ-ын ээлжит чуулганаар 2025 оны Улсын төсөвт тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:
-Төсөв танах нь зүйтэй гэдэгт санал нэгдэнэ. Тэр таналтыг багш, эмч нар дээр битгий хийгээрэй. Харин үрэлгэн төсөвтэй Төрийн өмчит компаниудаасаа эхэлье. Тэр тусмаа эрүүл мэндийн салбараас нэг ч төгрөг битгий хасаарай. Өдөрт 14 хүн, жилдээ 4000 гаруй иргэнээ бид хавдраар алдаж байна. Хавдрын эмнэлгээ бариад өгөөч. Тэр Хөгжлийн банкны барьцаанд байгаа эмнэлгээ ашиглаач. Нэг ч гэсэн иргэнийг битгий алдаасай гэж үүнийг хэлж байгаа юм шүү. Эрүүл мэндийн салбарт таналт огт явж болохгүй.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-Энэ хариуцлагын асуудал шүү дээ. Анх удаа 126-уулаа энэ танхимд цугласнаас хойш хариуцлага ярьсан. Өнгөрсөн хугацаанд ч гишүүд ил далд зөндөө нэгэндээ хэлсэн. Хамгийн том хариуцлага ярих ёстой хүн нь Сангийн сайд өөрөө шүү дээ. Сайд нар ямар үүрэг хариуцлагатай юм гэдгийг Засгийн газрын хуульд тодорхой заасан. Бодлогоо боловсруулж орж ирнэ, төсөв санхүүгийн зөв бодлогыг бий болгоно гэж таны сайдын чиг үүрэгт бий.
Та хэдэн засаг дамжиж Сангийн сайд хийж байгаа билээ. Гэтэл өнөөдөр ажилгүйдэл, авлига, эдийн засгийн хүндрэл ихэссэн ньт тантай шууд хамаатай. Юу ч сонсдоггүй, хэнийг ч сонсдоггүй эцсийн дүндээ хориг тавиулаад эвгүй байдалд ороод сууж байна, бид. Эхлээд оруулж ирэхэд бид хэлж байсан ч та “Болж байна аа” гэсэн. Одоо хориг тавихаар “Харин тийм ээ" гээд сууж байна. Ерөнхий сайд Сангийн сайддаа хариуцлага ярь.
Төрийн тендерийг дарга дагасан хэдэн компани л авч байгаа. Ийм хариуцлагагүй байж болохгүй ээ. Бид хэрэглэгч орон гэдгийг маш олон эдийн засагчид хэлж байна. Бид үйлдвэрлэгч биш атлаа ийм алдагдалтай, урсгал зардалтай төсвийг оруулж ирэх болгонд ханшийн өсөлт явж байдаг. Хориг тавиулчихаад “Та нар баталсан шүү” гээд сууж болохгүй.
УИХ-ын гишүүн Б.Батбаатар:
-Бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш бид хоёр удаа төсөв хэлэлцлээ. Тодотгол хэлэлцэж байх үед “Улс төрийн шийдвэрээ эргэж хараарай” гэж хэлсэн. Эрх мэдлээ хэтрүүлж, дараа нь биелэгдэхгүй хоосон цаас үлдэнэ шүү гэдгийг ч хэлсэн. Та нар алдагдалгүй болгож болно, хасах зүйлээ хас гэж хэлсэн. ДНБ-ий 25 хувьтай тэнцэж байгаа юу гэхэд нэмэгдүүлчихнэ ээ, асуудалгүй гэж хэлсэн шүү дээ.
МАН, АН, ХҮН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс зөрсөн төсвөө та нар л өөрсдөө оруулж ирээд баталсан шүү. Эрх барьж байгаа гурван нам нэг өнгөтэй болчихсон, та нарын "бүдүүн бүлэг"-ийн хийж байгаа ажил шүү. Заримыг нь хүлээж авсан, заримыг нь аваагүй. Гурван намын даргынхаа үгэнд ороод л цөөнхөө хасаад явж байгаа биз дээ. Цөөнхийн үүргийг засагт нь байж хянадаг гэж та нарын гайхуулсны үр дүн өнөөдөр энэ.
Наад дагуулж тогтоол гардаг чинь буруу гэдгийг хэлсэн. Хууль нь хэрэгжиж эхлээгүй байхад тогтоол гарна гэж юу байдаг вэ гэхэд “Бид мэдэж байгаа” гэсэн. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарах, Ерөнхийлөгчийн хориг орж ирэхээр ард нь улс төрийн шийдвэр гардаг, хуулиа өөрчилдөг. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах ёстой гэдэгт ИЗНН дэмжиж байгаа. Төсвийн зарлагын хяналтын хорооноос 118-ын бүдүүн бүлэг өөрсдөө гар. Бидэнд завсарлага авдаг эрх байсан бол бид ийм байдалд оруулахгүй байсан. Тэгснээ 126-ын хариуцлага гээд яриад суух юм.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Төсөв батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлдэг. Тоон гүйцэтгэл нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Ирэх оны төсөвт суусан ажлын тендерийг арванхоёрдугаар сарын эхнээс эхлээд зарлаж болдог. Ирэх оны нэгдүгээр сараас өмнө хуулийн асуудлаа шийдээд явна аа.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Ерөнхийлөгчийн хоригийг маш үндэслэлтэй, гаргалгаатай бичсэн нь ЕТГ-ынханд талархал илэрхийлье. Ирэх онд энэхүү төсвийг дагаад эдийн засагт үүсч болох олон дарамтууд байсан. Үүнийг эсэргүүцэж байсан цөөн хэдэн гишүүдийн нэг нь бий. Харамсалтай нь хүч түрээд батлаад явсан. Шат, шатандаа асуудал нэлээд гарлаа. Хориг бол улс орноо бодсон шийдвэр шүү.
Өнгөрсөн хугацаандаа дүгнэлт хийгээд цаашдаа ийм асуудал үүсгэхгүй байхад анхаармаар байна. 2026 оны төсөв жилийн дараа орж ирэхэд дахиад л ийм асуудал үүснэ. Иргэд татвар, шимтгэл төлдөг. Аж ахуйн нэгжүүдийн нуруун дээрх ачаа дахиад л нэмэгдэнэ. Хэд, хэдэн реформын асуудлыг ирэх жилүүдэд тууштай хийе. Төрийн өмчит үйлдвэрийн газрууд чинь алдагдалтай байна. Төрийн албанд ажиллаж буй 300 мянган хүн чинь урсгал зардлын дийлэнхийг аваад явчихдаг. Дахиад л урсгал зардалтайгаа зууралдах нь тодорхой. "Учиргүй мундаг төсөв оруулж ирлээ, бид алсын хараатай" гээд цээжээрээ төсвөө хамгаалаад гарсан хаана байна. Давхар дээлтэй 27 сайд нь 2-3 кнопны гишүүдээрээ дамжуулаад дэмжээд гарчих юм.
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан:
-Гаргаж байгаа шийдвэр илүү тунгалаг байх зэргээр 126 гишүүнтэй парламентад давуу тал олон бий. Гишүүд төсөв өргөн барьснаас хойш алдагдалгүй баталъя гэх мэтээр үр ашигтай саналууд олон гарсан ч дэгийн асуудал байсныг үгүйсгэхгүй. Зарим нэг нөхдүүд шиг ул шагайх хэлбэрээр биш ер нь Их хурал дэгээ яаж цэгцэлж, төсвөө яаж батлах, хэлэлцэх вэ гэдэгт үр ашигтай ажилламаар байна. Ирэх долоо хоногт Ёсзүй, дэгийн байнгын хороогоор Дэгийн асуудлаа нэг цэгцтэйхэн ярих нь зөв болов уу. Тэгэхгүй бол дэргэдээс ул шагайж буй хүмүүс хол очиж их юм болох байлгүй.