ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Пүрэвдорж: Дэлхийд байхгүй хамгийн өндөр АМНАТ-ыг ураны төслөөс авахаар баталлаа

O.Admin
2024-11-21

УИХ-ын чуулганы хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуулийн төслийг эцэслэн баталсантай холбогдуулан УИХ-ын Дэд дарга Б.Пүрэвдорж, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Уул уурхай, аж үйлдвэрийн сайд Ц.Туваан нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын Дэд дарга Б.Пүрэвдорж хэлэхдээ “Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар олон жилийн турш улс төрийн хоёр том намын нэгэндээ дэгээ болгон тавьж байсан олон төсөл хөтөлбөр явахын эхлэл нь Цөмийн энергийн тухай хуулийн төсөл болж байна. Энэ хууль тун удахгүй Засгийн газраас Орона групп болон Монгол Улсын Засгийн газрын хамтарсан гэрээний дагуу Хөрөнгө оруулалтын хууль орж ирэх ёстой.

Өнөөдрийн өсөн нэмэгдэж буй Атомын цахилгаан станц барих, түүнд зориулсан бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг гаргаж өглөө. Өнгөрсөн хугацаанд Оюутолгойн гэрээтэй жишихүйц том гэрээг энэ хуулийн дагуу явуулахыг зорьж байна. Оюутолгой АМНАТ-ын таван хувийн дагуу 800 сая ам.доллар оруулсан. Өнгөрсөн жил гэхэд 1.3 их наядын татвар төлсөн. Маш олон компаниуд туслан гүйцэтгэх ажил хийж баялаг бүтээж байна. Гэтэл 34 хувийнхаа ногдол ашгийг 2048 онд авна гээд хойш тавьчихсан яваа. Мэдээж өнгөрсөн түүхээ шүүхгүй. Гэхдээ урагшаа хараад том том уул уурхайн гэрээнд зөв бодлогоор явж, зөв алхам хийх нь хамгийн чухал юм.

Тиймээс дэлхийд байхгүй хамгийн өндөр АМНАТ-ыг ураны төслөөс авахаар баталлаа. Өөрөөр хэлбэл, суурь, тусгай АМНАТ тав, тав, өсөн нэмэгдэх АМНАТ ес байхаас гадна ААНОАТ гэж 25, давуу эрхийн хувьцааныхаа 10 хувь гээд Үндсэн хуулийн 6.2 буюу “Газрын доорх баялгийн дийлэнх ашиг ард түмэнд очно” гэх заалт бодит утгаар хэрэгжих нь ээ. Ураны ордоос орох орлого Монголын ард түмэнд ирнэ. Маш олон компани бүтээн байгуулалтад мөн оролцож, Монголын эдийн засагт өөрчлөлт ирэх нь ээ. Монгол Улс геополитикийн хувьд том орон болох эхлэлийг тавьж чадлаа” гэв.

Харин ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Цаашдаа хууль эрхзүйн орчинд нийцсэн байдлаар хэлэлцүүлэг үргэлжилнэ. 1997 онд анх "Орона" группын төлөөлөгчийн газар Монголд нээгдсэн. Үе үеийн Засгийн газрын үед ажил урагшлахаар яригддаг ч тодорхой шийдэлд хүрээгүй. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц улсад айлчилсан айлчлалын дараа протоколд зурагдсан зарчмын тодорхой саналуудыг хэрэгжүүлэх шаардлага бий болсон. Монгол талаас Цөмийн энергийн комисс ахлаад  Цөмийн энергийн хуулиар гэрээгээ байгуулна. Өмнө нь тухайлсан асуудлыг гэрээгээр шийдэх гэхээр хууль эрхзүйн орчин дутмаг байсан учраас 410 саналаас 210 орчимд тохиролцсон байсан юм билээ. Одоо цаашдаа саналуудаа хуультайгаа нийцүүлээд хэлэлцээд явна. Төрийн эзэмшлийн хувь, тусгай АМНАТ зэргийг Их хурлаар хэлэлцээд тогтоол батлаад явна. Оюутолгойн дараа гуравдагч хөрштэй хийж буй энэ гэрээ хөрөнгө оруулалт татахад том хувь нэмэр оруулна” гэлээ. 

Цөмийн энергийн тухай хуульд нөхөн сэргээх үйл ажиллагаанд зориулсан мөнгийг төслийн хаалтад зориулан хадгалах заалт орсон бөгөөд Олон улсад санхүүгийн нэр хүндтэй банк, санхүүгийн байгууллагын баталгаа шаардах, эсвэл Монголбанкинд валютын тусгай дансанд байрлуулах байдлаар Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах асуудал мөн яригдах аж.