ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

САЙН МЭДЭЭ: Испортод түүх бүтээж, Эрдэнэс Монгол зөв жишиг нэвтрүүлэв

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-02-07

Хавдрын тухай сэрэмжлүүлэх гэсэн сэтгүүлч бүсгүйн асуудлаар амралтын хоёр өдөр “зугаацаж” ханасан монголчууд ажлын өдөр эхлэхтэй зэрэгцэн улстөрчдийнхөө бэлэгний зургаар давалгаалж, чанартай чанаргүйг нь шүүмжлээд завгүй байлаа.

Түүнчлэн, Ховд аймагт 15-хан настай охин чадваргүй, ажилдаа хайнга хандсан эмч нарын гайгаар алтан амиа алдаж, Турк улсад болсон газар хөдлөлтийн улмаас 3400 гаруй хүн алтан амиа алдсан гээд нийгмийн сүлжээ тэр чигээрээ л хар бараан мэдээллээр бялхаж байх аж.

Ерөөс бид өглөө босоод л хамгийн эхэнд хар бараан мэдээллийг олж уншдаг, түүгээрээ эгогоо тэжээж, хандалтын төлөө улайрдаг жишиг тогтлоо. Хэвлэл мэдээлэл ч нийгмийн, массын энэ хандлагаа даган хуйларч болж буйг бус болохгүйг хамгийн эхэнд шүүрдэг болов. Цөөн хэдэн эрүүл хэвлэлүүд нийгмийн болж бүтэж буй гэрэл гэгээтэй мэдээллийг түгээх ч энэ нь хэдэн хүнд хүрч байна вэ гэдэг нь тунчиг сонин.

Монгол Улс тэгтлээ арчаагаа алдчихсан, тэр чигээрээ дайн байлдаанд сүйдчихсэн улс биш. Дарангуйлал нэгэнт тогтчихсон, ард түмэн нь туйлдаад байгаа асуудал алга. Турк шиг эмгэнэл одоогоор бидэнд тохиолдсонгүй. Нийгмийн сүлжээнд юу дуртайгаа бурж болдог, үзэл бодлоо илэрхийлдэг, дургүй хүргэсэн улстөрчөө зургийг нь тавьж байгаад матарладаг чөлөөт нийгэмд амьдарч буй. Өдөр бүхэн таагүй бараан мэдээлэл дунд амьдарлын алтан цагаа өнгөрүүлж байх зуур бидэнд бас болж бүтэж буй, сайн сайхан мэдээ ч олон байх аж. Даанч түүнийг тоож харж буй нь хэд вэ.

Тухайлбал, өчигдөр гэхэд цахим спортын дэлхийн өндөр зэрэглэлийн тэмцээнд Монголын тамирчид үнсгэлжингийн амжилт гаргав. Нэг сая ам.долларын шагналын сантай, Польш улсад үргэлжилж буй “IEM Katowice” тэмцээнд Ази тивийг төлөөлөн Монголын “IHC Esports” баг оролцож буй.

Урьдчилсан шатанд Бразилын акулууд болох “FURIA”, “paiN Gaming”-ийг буулган авч, хэсгийн шатны эрхээ авсан “IHC Esports” орон нутгийн цагаар өчигдөр /2023.02.05/ өдгөө дэлхийн чансааны 12 дугаарт бичигдэж буй Орос, Казакстан залуусаар бүрэлдэхүүнээ зузаатгасан Америкийн “Cloud9” багтай хожигдох эрхгүй тоглолтыг хийж, 2-0 гэсэн харьцаатай ялалт байгуулан шуугиан тарилаа. “Азийн дутуу үнэлэгдсэн баг үнсгэлжингийн амжилт гаргалаа” хэмээн дэлхий тэднийг магтаж буй мэдээг хэн ч тоосонгүй орхив.

Бидний өдөр бүхэн шүүмжилж буй төр засагт ч гялтайх мэдээ олон бий. Засгийн газар нь лхагва гарагийн хуралдаанаас иргэндээ ээлтэй, өгөөжтэй шийдвэр гаргах гэж хичээдэг. Өнгөрөгч долоо хоногт гэхэд л гарааны компаниудыг бодлогоор дэмжих, татварын хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргалаа.

Хөгжлийн банкны хулгайч нарыг илчлэх нээлттэй сонсгол өчигдөр, өнөөдөр Төрийн ордонд үргэлжилсээр байгаа. Төрөөс хэдэн тэрбумаар нь хулгайлж идчихээд “Би бол үндэсний шилдэг бүтээн байгуулагч” хэмээн өргөмжлөл үзүүлэхээс өөр гарт баригдах ажил хийгээгүй, эхнэр хүүхдийнхээ эмчилгээ, сургалтын төлбөрт мөнгийг нь өгчихсөн атлаа төрийн сонсголд хүндэтгэж ирэхгүй байгаа хувийн хэвшлийн даварсан дарга нарын хажууд Засгийн газрын гишүүд нь хуралдаа ороод суучихсан байцаагдаж байна.

Чи нуусан, би илчилсэн хэмээн хэрэлдэж байгаа нь дэвшил шүү. Хэзээ байтлаа бид төрийн сайдаа өмнөө суулгаж байгаад байцаасан билээ. Өнгөрсөн 30 жилд бүлэглэл, нам дамжсан хулгайг энэ мэтээр зоригтой илчлээд, олны өмнө улалзуулаад, сайд нарыг нь дуудаж ирүүлээд асуугаад ус, тосыг нь үнэнээр нь илчлээд явчихсан бол ийм улс байгаа ч юу, үгүй ч юу. Тэгэхээр энэ бол яах аргагүй дэвшил.

Мөн төрийн өмчит компанид нээлттэй сонгон шалгаруулалт хийж, засаглалын менежментийн сайн жишээ болсон мэдээг мөн л өчигдөр олон нийтэд хүргэв. Бид харин Ж.Ганбаатарын тараасан пичень хугацаа дууссан, дуусаагүйг тойрч хэрэлдсээр үүнийг анхаарсангүй. Өмнө нь хаалттай байсан төрийн томилгоо ил болж, тэнд нь 2955 иргэн анкетаа өгсөн байна. Эрдэмтдийн боловсруулсан сорилын шалгалтад 1215 хүн оролцож, хамгийн өндөр оноо авсан 434 хүн ярилцлагад оржээ.

Тэндээс хамгийн өндөр оноо авсан хүмүүсийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийнхан ажлын байранд нь томилж, нөөцөд үлдсэн хүмүүсээ бусад төрийн өмчит компаниудад томилох гэнэ. Энэ бол маш зөв жишиг. Тэр хэрээрээ ч сайн мэдээ. Учир нь эгэл жирийн эрдэм мэдлэгтэй залуус мөнчгөрөөрөө өрсөлдөөд 2-7 сая төгрөгийн цалин эх орондоо авах боломжийг энэхүү нээлттэй сонгон шалгаруулалт бий болгож өглөө. Энэ мэтээр өглөө бүхэн бид сайн мэдээтэй учирч болно. Өнөөдөр ч таныг сайн мэдээ угтаж буй. Сошиалаар дүүрэн хар бараанаар урсаж буй мэдээнээс ядахдаа гялтайх ганцыг нь олж хардаг байгаасай хэмээн уншигч таниас хичээнгүйлэн хүсье. Бидний амьдралд бухимдах, стрессдэх асуудал зөндөө бий. Гэлээ ч сайныг олж харах мэлмийгээ битгий сохлоосой гэсэндээ бид долоо хоногийн өдөр бүхэн “Сайн мэдээ”-г онцлон уншигч танд хүргэдэг билээ.