Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуй, генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Чой-Иш, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нар Монгол Улсаас Манжуур хотод суугаа консул Г.Золзаяа болон БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны (ӨМӨЗО) Хөлөнбуйр хот, Манжуур хот, Хянган аймгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр улсын хил залгаа бүс нутгуудын хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын бодит хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих асуудлуудыг хэлэлцэв.
Дорнод, Хэнтий аймагт газар тариалангийн төслүүд хэрэгжүүлэх боломжийн талаар мөн үр сорт, химийн бордоо, ургамал хамгааллын бодис болон хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг хилийн боомтоор саадгүй нэвтрүүлэх, техникийн борлуулалт, үйлчилгээний төвийг орон нутагт өргөжүүлэхэд тогтвортой бодлогоор дэмжих хүсэлтийг Хятадын талаас тавилаа.
Дорнод, Хэнтий аймгуудад тус бүр 1000 ширхэг гацуур модны суулгац хандивласныг цаашид хууль эрх зүйн хүрээнд, эрдэм шинжилгээ, судалгааны зориулалтаар үргэлжлүүлэх боломжийн талаар санал солилцов. Монгол Улсаас мах экспортлоход шаардлагатай халдваргүй бүсийн асуудлаар мэргэжлийн байгууллагууд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцов.
БНХАУ-ын Манжуур хот чөлөөт худалдааны туршилтын бүс болсонтой холбогдуулан Монгол Улсын хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулж Хятадын дотоодын зах зээл болон гуравдагч орнуудад гаргах шинэ боломжийн талаар санал солилцлоо.
