ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

The Times: Туйлширсан ертөнц Монгол шиг жижиг орнуудад хамгийн хүнд цохилт болно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-03-17

“Илүү туйлширсан ертөнц Монгол шиг жижиг орнуудад хамгийн хүнд цохилт болно" гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “The Times”-ын Ази дахь сурвалжлагч Ричард Ллойд Паррид Улаанбаатар хотод өгсөн ярилцлагадаа дурдсан талаар “The Times” нийтлэл бэлтгэжээ.

Орос, Хятад гэсэн хоёр асар том, авторитар хөршийн дунд, тэдгээр улсууд нь барууны орнуудтай үл ойлголцож, зэвсэгт мөргөлдөөн ихэсч буй энэ цагт Монгол Улс цаашдаа ямар байр суурь баримтлах нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж буй учраас олон улсын түвшинд Монгол Улсын байр суурийг маш их сонирхож буй юм. Тиймдээ ч Ерөнхий сайдын энэхүү ярилцлагыг олон улсын хэвлэлүүд, алдартай подкастууд хүртэл онцолжээ. Түүний “The Times”-д өгсөн ярилцлагаас онцлох ишлэлийг уншигч танд хүргэе.  

-Дэлхий дахин шинэ хүйтэн дайны үе рүү гулсаж байгаа учраас барууны орнууд Аукусын цөмийн шумбагч онгоцны гэрээ зэрэг төслүүдэд зарцуулж буй зардлаа хөгжиж буй орнуудад туслахад чиглүүлэх ёстой.

-Илүү туйлширсан ертөнц Монгол шиг жижиг, шахагдсан орнуудад хамгийн хүнд цохилт болно. Дэлхий дахин хүйтэн дайн руу шилжиж байгаа нь манайх шиг жижиг, хөгжингүй улс орнуудыг эрсдэлд оруулж байгаа.

-Хэрэв бид хүйтэн дайнд орвол хэвийн тогтолцоо руугаа буцахад хэр хугацаа шаардагдах нь миний санаа зовж буй зүйл.

-Дэлхийн хоёрдугаар дайны уршиг хагас зуун жил үргэлжилсэн шүү дээ. Дэлхий дахинд шийдвэрлэх цаг үе тулгараад байгаа учраас сөргөлдөөнийг шийдвэрлэх гарц олох хэрэгтэй.

-Хоёр хөрш улс маань барууны орнуудтай сөргөлдөөнтэй байгаа нь Монгол зэрэг улс орнуудад давхар хохирол учруулж байдаг. Энэ бүхэн яг л гэр бүл салалт шиг. Эцэг, эх салахад хүүхэд хамгийн их хохирол амсдаг шүү дээ.

-Илүү туйлширсан ертөнц Монгол шиг жижиг орнуудад хамгийн хүнд цохилт болно.

-Монгол Улс хоёр том гүрний дунд байрладаг, далайд гарцгүй, хөгжиж буй орон гэдгээрээ онцлог нөхцөл байдалтай. Хоёр авторитар гүрний дунд хавчуулагдсан атлаа ардчилсан нийгмийг цогцлоох гэж хичээж буй улс дэлхий дээр Монголоос өөр байхгүй.

-Орост тавьж буй барууны хоригийг буруутгахгүй ч Монгол мэтийн жижиг улс оронд тусч буй сөрөг үр дагаврыг анзаарахгүй өнгөрч болохгүй. Европын холбоо ОХУ-ын агаарын тээврийн компаниудад хориг тавьсны хариуд Орос улс барууны онгоцуудыг өөрийн агаарын орон зайд нисэхийг хориглосон. Үүнээс болж Монгол Улсын агаарын орон зайнаас олдог төлбөрийн орлого тасалдаж байна.

-Хятад улс “тэг ковид” бодлогыг хатуу баримтлан хилээ нэлээд хугацаагаар хааснаас шалтгаалж, Монголын эдийн засаг хохирол амссан. Энэ бүхэн биднээс үл шалтгаалах нөхцөл байдал боловч манай ард түмний аж амьдралд шууд сөрөг дагавар үзүүлж байдаг. Зүйрлэж хэлбэл, далайн эргийн шуургатай адил. Давалгаа эргийн хадыг алгадана. Далай байдгаараа, хад ч хэвээрээ. Гэвч хүчтэй давлагаанд шидэгдсэн загас, жараахай дунд нь үрэгдэж байдаг.

Эх сурвалж: https://www.thetimes.co.uk/article/cold-war-fears-of-mongolia-caught-between-two-big-brothers-n65xkcp7m