ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Шадар сайд С.Амарсайхан сонгуульд ажилласан багаа төсвийн тэрбум төгрөгөөр урамшуулсан уу

O.Admin
2023-03-20

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа буюу 2020 оны сонгуулийн үеэр албан хаагчдад дэмжлэг үзүүлэх нэрийдлээр нийслэлийн төсвөөр өөрийн тойргийн болон сонгуульд ажилласан жолооч, туслах, зөвлөх, тойргийнхоо Засаг дарга нарыг 938 сая төгрөг буюу тэрбум орчим төгрөгөөр урамшуулсан баримтыг Livetv.mn сайт олон нийтэд дэлгэн тавилаа.

2020 оны зургадугаар сарын 22-нд гаргасан тус албан бичигт "Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор дэмжлэг үзүүлэх” хэмээгээд өөрөө УИХ-ын сонгуулиар нэр дэвшин ялалт байгуулсан Багахангай, Багануур, Налайх дүүргийн тухайн үеийн Засаг дарга нар болох Ч.Раднаабазар, С.Эрдэнэбаяр, өнөөгийн УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нарыг тус бүр 50 сая төгрөгөөр, Сүхбаатар дүүргээс НИТХ-д сонгогдсон М.Халиунбат, О.Мөнгөншагай, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нараас гадна НЗДТГ-ын багт нь ажиллаж байсан төлөөлөгч нарыг тус бүр 20 сая төгрөг, жолооч, зөвлөх, төслүүдийн удирдагч болон бусад албан хаагчдад 1.5-10 сая төгрөгийн урамшуулал гээд нийтдээ тэрбум төгрөгийн урамшуулал олгосон баримт ил болов.

Хэдийгээр цар тахлын хүнд цаг үед өдөр шөнөгүй ажилласан учраас төрөөс нэг удаа дэмжлэг үзүүлжээ хэмээн өмгөөлмөөр байв ч есөн дүүргийн Засаг даргаар онцолж зөвхөн ойрын тойргийн гурван Засаг даргадаа урамшуулал олгосон нь албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгөөр туйлсан үйлдэл болжээ хэмээн дүгнэх шалтгаан болж буй юм. Одоогоор Шадар сайд С.Амарсайхан энэ талаар мэдээлэл өгөөгүй ч төрийн мөнгийг үр ашиггүй үрсэн нь нотлогдвол албан тушаалаас огцрох асуудал ч яригдах билээ.

 Гэрэл зургийг: Livetv.mn вэб сайтаас ашиглав.