ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хууль бусаар хил давуулсан үлэг гүрвэлийн олдворуудыг Франц улсаас эх оронд нь буцаан авч ирлээ

O.Admin
4 цагийн өмнө

Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар олж, хил давуулан гаргасан палеонтологийн ховор олдворуудыг Бүгд Найрамдах Франц Улсаас эх оронд нь буцаан авчрах ажиллагааг өнөөдөр /2026.06.11/ зохион байгууллаа. Уг олдворууд нь 2006 онд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс хууль бус хайгуул, малтлагын замаар олдож, хуурамч бичиг баримт бүрдүүлэн Монгол Улсын хилээр гаргасан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Энэ хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа хууль тогтоомжийн хүрээнд үргэлжилж байна.

Эрүүгийн цагдаагийн алба, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд нийт 28 багц үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээн авч, холбогдох журмын дагуу Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд шилжүүлэн өгсөн.

Олдворуудын дунд Монголын говиос олддог, ойролцоогоор 70 сая жилийн өмнө амьдарч байсан махчин үлэг гүрвэл болох “Тарбозавр батаар”-ын 50 гаруй хувийн бүрдэлтэй араг яс болон шинжлэх ухааны өндөр ач холбогдол бүхий бусад чулуужсан олдворууд багтсан юм. Буцаан авчирсан олдворуудыг шинээр ашиглалтад орох Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн палеонтологийн үзүүлэнгийн хэсэгт байршуулж, олон нийт, судлаачдын хүртээл болгохоор төлөвлөж байна.