ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

САЙН МЭДЭЭ: Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг албан ёсоор зарлагдлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-03-23

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит 2023-2024 оны хичээлийн жилийн оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-д төр, хувийн хэвшлийн их, дээд сургуулийн 600 гаруй оюутан залуучуудтай өнөөдөр уулзах үеэрээ албан ёсоор зарлалаа.

Орон даяар эхлүүлсэн уг хөтөлбөрт нийт их, дээд сургуулийн оюутнуудыг идэвхтэй хамрагдахыг Ерөнхий сайд уриаллаа.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэх, олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, эх оронч иргэнийг хөгжүүлэх, шилдэг мэргэжилтэн-манлайлагчийг бэлтгэх, дэмжих, урамшуулахад энэ тэтгэлгийн зорилго орших аж. Ерөнхий сайдын тэтгэлгийн хамрах хүрээ, хэмжээг нэмэгдүүлж, дотоодын их дээд сургуулийн 2-3 дугаар курсын 50 оюутанд тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгоно. Гадаадад суралцах магистр, докторын 50 хүртэл оюутанд төлбөрийг нь бүрэн хариуцах юм байна.

Мөн “Шинэ сэргэлт-шинэ мянган” илтгэл тавих үеэрээ Боловсролын зээлийн санг шилэн болгож, тус сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулахад хяналт тавьж ажиллахаа хэлсэн бөгөөд нийтэд ил болсон зээлүүдийн эргэн төлөлт, зээл авах шалгуураа хангасан эсэх, түүнд ямар нэгэн ашиг сонирхол нөлөөлөл орсон зэрэг асуудлыг шалгах үүргийг БШУЯ болон Боловсролын зээлийн сангийн холбогдох удирдлагуудад өгчээ. Зээлд нөлөөлсөн гэж үзвэл хуулийн дагуу АТГ-аар шалгуулж, нийтэд ил зарлахыг БШУ-ы сайд Л.Энх-Амгаланд даалгасан байна.

Ерөнхий сайд шинэ мянган, шинэ сэргэлтэд мэдлэг чадвар чухлыг онцолж дэлхий дахины чиг хандлага, улс орны боломж, авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, боловсролын салбарын шинэчлэлийн талаар танилцуулж оюутан залуустай ярилцав.

Тэтгэлэг хүсэгчид www.ShineMyangan.mn цахим хуудас руу нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэнэ үү. Мөн доорх линкээр нэвтэрч, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 

ttps://www.meds.gov.mn/post/128218