Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох “Дээд чуулган” энэ сарын 25-ны өдөр болох гэж байгаа билээ. Тус холбоог УИХ-ын гишүүн С.Одонтуяа тэргүүлж байсан бөгөөд ажлаа хүлээлгэн өгснөөр холбооны тэргүүнийг сонгох сунгаа албан ёсоор эхэллээ. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох “Дээд чуулганд” 21 аймаг есөн дүүргийн 800 гаруй төлөөлөл оролцох юм байна.
Тус холбооны тэргүүнд нэр дэвшихээр нийт есөн оролцогч бүртгүүлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, АН-ын ҮБХ-ны гишүүн УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин Б.Жаргалан, "М-Ойл" группын захирал Б.Пунсалмаа, Ашигт малтмалын газрын дарга асан Д.Үүрийнтуяа, ҮБХ-ны гишүүн Д.Энхтуяа, ҮБХ-ны гишүүн Д.Эрдэнэсувд, АН-ын гишүүн Г.Хажидмаа, АН-ын гишүүн Ц.Уянга, АН-ын гишүүн Н.Одонгуа нар өрсөлдөх аж.
УИХ-ын сонгуульд хоёр ч удаа дараалан ялагдал хүлээсэн Ардчилсан намд одоо алдах эрх үнэндээ үлдсэнгүй. Ялалтын нэг тулгуур нь яах арга эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо болохоор намын дэргэдэх холбооны тэргүүнийг сонгох “Дээд чуулганд” нэлээд анхаарал хандуулж, хүч хаяж байгаа бололтой. Тиймдээ ч нэлээд шүүлтүүртэй хандаж байгаа байх. Гэвч нэр дэвшигч дунд, сайн дурынхны тоглолт ч өрнөж байна. Тиймээс нэр дэвшигчдийг “Хэн нь хэн бэ” буландаа онцолж байна.
УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн:
-"Дур эзнээ голдоггүй" шиг УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн ч нэр дэвшжээ. Түүний хувьд 2020 оноос эхлээд өнөөг хүртэл дуулианы эзэн байсаар ирсэн нэгэн билээ. Анх нэр дэвшихээс эхлээд зураг, постер зэрэг нь үг үсгийн алдаатай нийтлэгдэж, олны нүдийг “орой дээр” нь гаргаж явсан удаатай. Түүгээр ч тогтохгүй чуулганы танхимд хуулийн танилцуулга хийх гэж сандарч, тэвдэж яваа нэгэн. Гэхдээ бас сайн суралцаж явааг дурдах хэрэгтэй.
Харин түүний хувьд Ерөнхийлөгч асан Х.Баттулгаар дамжуулан улс төрд хөл тавьсан бөгөөд эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд ч тэр хэрээр санаархаж яваа гэж ойлгож болно. Гэхдээ намын нөхөд нь түүнд итгэл үзүүлэх эсэхэд эргэлзээтэй гэх мэдээлэл ч байна. Өөрөөр хэлбэл, нүүрсний хэрэгт холбогдсон. Хууль шүүхийн байгууллагаар хянагдаж байгаа зэрэг нь нөлөөлж байгаа гэх. Гэвч түүний хувьд 2024 оны сонгуульд эмэгтэйчүүдийн жагсаалтын нэлээд дээгүүрт эрэмбэлэгдэнэ гэсэн тооцоо бий. Харин нүүрсний хэрэг хэрхэн шийдэгдэхээс хамаарах бололтой.
Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог тэргүүн, "М-Ойл" группын захирал Б.Пунсалмаа:
-Түүний хувьд нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог тэргүүлдэг нэгэн билээ. Мөн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ялагдсан нэгэн. Намынх нь ах нар албан тушаал, хариуцлага аль алийг нь хамтад үүрүүлж үзсэн, ажил хэрэгт дүн тавьсан учир тэгтлээ найдахгүй байгаа гэх мэдээлэл байна. Тиймээс түүнийг сайн дурынхны жагсаалтад ч багтааж болох юм.
Ашигт малтмалын газрын дарга асан Д.Үүрийнтуяа:
-Домбонгийн Үүрийнтуяа гэхээр түүнийг монголчууд андахгүй. Сонгуульд нэр дэвшиж, содон үйлдэл үзүүлж олны танил болж байсан нэгэн. Д.Үүрийнтуяагийн хувьд ялгаагүй Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нөлөөгөөр улс төрд хөл тавьж, хүч үзэж яваа эмэгтэй. Гэхдээ намынхан нь эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээ түүнд даатгаж, арай чадахгүй болов уу. Гэхдээ улс төрийн нөлөө бий гэдгийг мартаж болохгүй.
НИТХ-ын төлөөлөгч, ҮБХ-ны гишүүн Д.Энхтуяа:
-Тэргүүний суудалд горилж яваа эмэгтэйчүүдийн тэргүүн эгнээнд яах аргагүй багтах нэгэн. Гэхдээ түүний хариуцах ажил, албан тушаал хангалттай байгаа учраас өрсөлдөөнд гал нэмэх зорилгоор нэрийг оруулсан байх гэх мэдээлэл байна. Харин УИХ-ын 2024 оны сонгуульд жагсаалтын дээгүүрт эрэмбэгдэх биз ээ. Түүний хувьд улс төрийн карьер хөөх боломжийг УИХ-ын гишүүн асан "Ажнай" буюу Д.Бат-Эрдэнэ өгсөн гэх мэдээлэл ч байдаг.
ҮБХ-ны гишүүн Д.Эрдэнэсувд:
-Тэрбээр намын дотоод ажил буюу Ерөнхий нарийн бичгийн дарга, Хэрэг эрхлэх газрын даргаар хүртэл ажиллаж байсан нэгэн билээ. Намын дотоод асуудалд гар бие оролцож яваа эмэгтэй. Гэвч түүнд эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний суудалд залрах нь юу бол. Нам доторх дэмжлэг хангалтгүй гэсэн урьдчилсан мэдээлэл байна.
АН-ын гишүүн Г.Хажидмаа:
-Түүний хувьд олон нийт төдийлөн танихгүй. Иргэн Д.Мөнх-Эрдэнийг өмөөрч хэвлэлийн хурал хийж байсан удаатай. Харин эмэгтэйчүүдийнхээ холбооны тэргүүнийг шударгаар явуулж, шаардлагатай бол ард түмнээсээ дэмжлэг хүсэх зорилготой эмэгтэй хэмээн хэлсэн үгэндээ онцолжээ. Тиймээс түүнийг сайн дурынхны тоонд багтааж болох юм.
АН-ын гишүүн Ц.Уянга:
-Твиттер хуудаст “элийрэгч” нэрээр олноо танигдсан Ц.Уянга гэх эмэгтэй энэ цагийн дуулиан шуугианы эзэн билээ. Элдэв янзын постер, коментыг олон нийтийн дунд цацаж, элдэв маргааныг байнга тарьдаг нэгэн. Гэвч улс төрөөс хол түүнд тэргүүний сэнтий ахдах биз ээ. Юутай ч улс төрийн карьер хөөхөөр АН-д гишүүнээр элсэж, улмаар АЭХ-ны тэргүүнд хүч үзэж байна.
АН-ын гишүүн Н.Одонгуа:
-Түүний хувьд Анагаах ухааны доктор, дэд профессор гэдгээр нь залуус мэдэх байх. Мэргэжлийн зөвлөгөө, ном зэргээр эчнээ танил болсон нэгэн. Харин улс төрийн карьер, нам доторх нөлөө, хүрээлэл багатай. Тиймээс тэргүүний сунгаанд хүчтэй өрсөлдөгчийн тоонд багтахгүй нэгэн.
ҮБХ-ны гишүүн Б.Жаргалан:
-Түүнийг УИХ-ын гишүүн асан “Фортуна” Н.Батбаярын охин гэдгээр нь мэдэх байх. Харин олон нийт төдийлөн танихгүй билээ. Нам дотроо өөрийн гэсэн хүрээлэлтэй залуу боловсон хүчин. Аавын нөлөө ч байгаа байх. Түүнчлэн Ардчилсан намынхны зүгээс шинэ залуу боловсон хүчинд эмэгтэйчүүдийн холбоогоо хариуцуулах санал гаргаад байгаа аж. Дэмжлэгийн рейтинг ч өндөр байгаа гэх мэдээлэл байна. Гэхдээ энэ сарын 25-нд өрнөх дотоод санал асуулгаас хэн нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог тэргүүлэх нь тодорхой болох юм.