ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Баярмаа: Монгол Улс авлигын индексээр 180 улсаас 121-т бичигдлээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-02-15

Долоо хоног бүрийн пүрэв гарагт Ардчилсан намаас 4/11 мэдээллийн цагийг зохион байгуулж, цаг үеийн асуудлаарх намын байр суурийг илэрхийлдэг. Энэ дагуу өнөөдрийн мэдээллийн цагт Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа, АЭХ-ны Ерөнхийлөгч Б.Жаргалан, НИХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар оролцон мэдээлэл өглөө.

Эдийн засагч, АЭХ-ны Ерөнхийлөгч Б.Жаргалан: Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 87 хувь нь ямар нэг банкны зээлтэй байна

Keterangan tidak tersedia.

-Сар шинийн баярын энэ өдрүүдэд Монгол Улс даяар өвөлжилт хүндэрсэн, зуд, шар усны үерийн асуудал хөдөөд төдийгүй хотод тулгарсан. Өвөл гарснаас хойш 176 мянган мал хорогдсон гэсэн мэдээлэл байна. Малчид энэ өвлийг хүнд нөхцөлд даван туулж байна. Гал, үер усны аюултай холбоотойгоор Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос ОБЕГ, Шадар сайдад тодорхой шаардлагыг хүргүүлсэн.

Сар шинийн өмнө иргэдийн амьжиргааны түвшингийн талаарх тодорхой судалгааг АН-аас хийсэн. Өнгөрсөн хугацаанд инфляци Монгол Улсын өмнө тулгамдсан том асуудал хэвээр байсаар ирсэн. Үнийн өсөлт иргэдийн санаа зовнисон сэдэв болж байна. 2016 онтой харьцуулбал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дор хаяж 2-3 дахин өссөн. Сар шинийн баярын ширээ засахад шаардлагатай өргөн хэрэглээний барааны үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад дунджаар 46 хувь өссөн дүнг ҮСХ-ноос мэдээлсэн.

Өнгөрсөн найман жилийн хугацаанд өргөн хэрэглээний барааны үнэ гурав дахин өссөн байхад бидний орлогын түвшин яаж өссөнийг та бүхэн мэдэж байгаа. Орлогын өсөлт барааны үнийн өсөлтийг гүйцэхгүй байна. Энэ нь иргэдийн амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж байна. Монгол Улсын хүн амын 27 хувь нь ядуурлын түвшингээс доогуур орлоготой байна.

Гэтэл энэ судалгааг илүү өргөн хүрээнд хийвэл ерөөс хүн амын тэн хагас нь ядуурсан байдалтай байна гэсэн дүнг эдийн засагчид танилцуулж байгаа. Орлогын өсөлт амьжиргааны үнийн өртгийг давахгүй байгаа тул иргэд арга буюу зээл авч, амжиргаагаа залгуулж байна.

Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 87 хувь нь ямар нэг банкны салбарт зээлтэй байна. Банк бус болон бусад бичил санхүүгийн байгууллагуудыг оролцуулаагүй дүн. Зөвхөн банк санхүүгнийн байгууллагад зээлтэй иргэд 87 хувийг эзэлж байна. Дундаж зээлийн хэмжээ 8.6 сая төгрөг байна. 2016 онд нийт насанд хүрсэн иргэдийн ердөө 43 хувь нь ямар нэг зээлтэй байсан. Тухайн үед зээлийн төрлийг ипотекийн зээл буюу урт хугацааны иргэдийг өмч хөрөнгөтэй болгоход чиглэсэн зээл эзэлж байсан бол одоо хэрэглээний зээл буюу амжиргааны өртгийг нөхөх төрлийн зээл давамгайлж байна. Эдгээр зээл нь өндөр хүүтэй. Иргэдийг давхар ядууралд оруулах зээлүүд байна. Тэгэхээр Цагаан сар ба хар нулимс гэсэн алдартай өгүүллэг байдаг. Тэнд юуны талаар гардагийг та бүхэн мэднэ. Иргэдийн амьдрал ямар байгааг тоймолж тодорхой тоон баримтыг дурдлаа. ҮҮнийг ээж, эмэгтэйчүүд, ахмадууд сайн мэдэж байгаа. Гэтэл нөгөө талд төр, Засгийн орлого маш өндөр дүнгээр нэмэгдэж байна.

2023 онд Монгол Улс түүхэнд байгаагүй их хэмжээний буюу нийт 70 сая тонн нүүрс экспортолсон. Үүний борлуулалтын орлого нь нийтдээ 8.9 тэрбум ам.доллар болжээ. Энэ бол зөвхөн нүүрс. 2022 онд 6.5 тэрбум ам.долларын нүүрсний борлуулалт хийсэн. Бид 1.5 тэрбум ам.долларын Чингис бондоор ямар их хэмжээний бүтээн байгуулалт хийснийг ард иргэд мэдэж байгаа. Гэтэл нэг жилд есөн тэрбум ам.долларын орлогыг нүүрснээс олчихоод гарт баригдах, нүдэнд үзэгдэл зүйлийг бий болгож чадсан уу гэвэл үгүй.

Иргэдийн амжиргаа, амьдрал ахуй доройтоод байдаг, нөгөө талд төсвийн орлого, дарга нарын зарцуулах мөнгө нэмэгдээд байгаа. Энэ талаар бодит дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай. Бид өнөөдөр зуд, шар усны үерийн эрсдэлийг бууруулах чиглэлд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаарх мэдээллээ тодорхой тайлбарлах шаардлагыг ОБЕГ болон Засгийн газарт хүргүүлнэ.

АН-ын дэд дарга Ж.Баярмаа: Монгол Улс  2023 онд авлигын индексээр 180 улсаас 121 дүгээрт орсон байна

Keterangan tidak tersedia.

-Монгол Улсад шинэ сар гарлаа. Шинэ сар гарах үед аливаа айл өрх, улс гүрэн,  хувь хүн өмнөх жилдээ ямар амжилт гаргаж угстанаа дүгнэдэг. Монголчууд хөх луу жилээ ямар амжилтаар угтсанаа дүгнэх  байсан ч, төр засгаас ямарваа нэг сэдвийн хүрээнд танилцуулга, дүгнэлт хийгдсэнгүй. Бид өөрсдөө ичээд дүгнээгүй ч, харамсалтай нь дэлхий биднийг дүгнэсэн. Тодруулж хэлбэл, авлигатай тэмцэж буй байдлыг дүгнэсэн байна. Олон улсын Трансперэнси Интернэшнл байгууллагаас гаргасан судалгаагаар Монгол Улс  2023 онд  2020, 2022 оноос таван байр ухарч, 180 улсаас 121 дүгээрт орсон байна.

Сүүлийн 10 жил авлигын индексээр эрс ухарсан зургаан улсын нэгд орсон байна. Энэ зургаан улсад тоталитар дэглэмтэй Беларусь зэрэг улс багтаж байна. Энэ улсуудтай зэрэгцэн Монгол авлигын индексээрээ ухарч байна.

2012 он буюу МАН засаглаж дуусаад АН-д шилжүүлэх үед авлигын индексээр Монгол Улс 94-д байсан байна. АН-ын засаглалын үед буюу 2015 онд 20 байраар урагшилж 72-д орсон. Харамсалтай нь, 2016 оноос эрс муудаж, 103 дугаар байрт орж, ухралт эрчимтэй явсаар 2016 оны дүнтэй харьцуулахад бараг 50 байраар ухарсан “амжилт”-аар луу жилээ угтлаа. Авлигын индекс тухайн улсын толинд харж буй тусгал. Хэдэн төгрөг өгч авсан тухай асуудал биш. Шүүхийн хараат бус байдал, хүний эрхийн асуудал, хэвлэлийн эрх чөлөө, тэр бүү хэл гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн эрхзүйн орчныг хүртэл авч үздэг.

Асар олон зүйлийг хэмжиж байж авлигын индексийг гаргадаг юм. Авлигын индексээр ухрах нь манай улс бүх үзүүлэлтээр ухарч байгааг илтгэж буй хэрэг. Үүнийг бид гайхаж хүлээж авсангүй. Сүүлийн үед хэн нэгэн доод албан тушаалтны гэр, сэйфнээс тэр бүү хэл оймсноос нь хүртэл тэрбум тэрбумаар гарч байна.  

Энэ мэдээллийг МАН нуухыг оролдсон. Энэ мэдээлэл зарлахтай зэрэгцэн 1072 хувьцааны ногдол ашиг тараасан. Өөрөөр хэлбэл, ард иргэдийг хувьцааны ногдол ашгаар хуурч байхад нь энэ мэдээлэл гарсан. Үүнийг шалтгааныг МАН өөрийн зүүний чиг баримжаа бүхий үзэл баримтлалтай холбож тайлбарлаж болно. МАН-ын бодлого аль болох төрийг хүчтэй данхгар байлгах үзэл баримтлалтай нам. МАН ялах бүрдээ яамд, төрийн албан хаагч, төрийн өмчит компаниудыг нэмдэг.

Ганц жишээ дурдахад, Аргентин 46 сая хүн ам буюу Монгол Улсаас 13 дахин их хүн амтай ч, есхөн яамтайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэтэл Монгол Улс 3.4 хүн амтай ч, 22 яам, сайдтай. Дэд сайдын албан тушаалыг нэмбэл сайдын албан тушаал нь гэхэд 40 гарчихсан.

Авлигын индексээр ухарсан нь сонгуультай асар их холбоотой. Сонгуулиар сонгогчдыг худалдаж авдаг, сонгуулийн бус үед янз бүрийн халамж хэлбэрээр сонгогчдыг авлигаддаг. Үүнд зарцуулагдах мөнгийг Төрийн өмчит байгууллага, сангуудаар дамжиж бэлддэг. Дараагийн сонгуулийн мөнгийг бэлддэг саалийн үнээ нь төрийн өмчит компаниуд болдог. Төрийн өмчит компаниудаар дамжиж авлига хэрхэн явагддагийг бид маш сайн мэдсэн. 2023 оныг МАН авлигатай тэмцэх жил гэж зарласан. Гэвч, харамсалтай нь таван байраар ухарч, ардчилсан бус улсуудын авдаг 33 гэсэн оноог авсан. Авлига яаж нүүрлэснийг энэ нь илтгэж байна.

Авлигатай тэмцэх жил болгож зарласантай холбоотойгоор нүүрс, хөгжлийн банкны хэргээр сонсгол явуулсныг нь үгүйсгэхгүй. Театрт жүжиг үзэж байгаа мэт бид урам зоригтой үзсэн. Гэтэл түүний үр дүн гарсангүй. 60 тэрбум, ЖДҮДС, Хөгжлийн банк, ногоон автобусны авлигын хэрэг юу болов. Энэ бүхэн шийдэгдэхгүй, эрх баригчдад ээлтэй байдлаар шийдэгдэж байгаа учраас манайх авлигын индексээр ухарч, ул руу орж байна. Энэ бүхэнтэй тэмцэхгүй бол бид урагшлахгүй. Төрийн данхгар байдлыг болиулж, эвдэх хэрэгтэй. Төрийн өмчийг задлаж байж, тэнд явагдаж буй авлигыг таслах хэрэгтэй.

Төрийн байгууллага, ААН-үүдийн үйл ажиллагааг ил тод, шилэн болгох хэрэгтэй. Харамсалтай нь МАН нэг алхам ч урагшилсангүй. Эсрэгээр өөрсдийгөө магтах, од болгох өвчнөөр өвчилсөн юмуу гэх үзэхээр байдалтай байна. Авлигын индексээр ухарч, 121 дүгээр байрт орсон энэ үед Ерөнхий сайд өөрийгөө магтах суртал ухуулга хийсэн. Ингэхдээ татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг МҮОНРТ гэх байгууллагыг ашиглаж байна.

МАН-ын Засгийн газар авлигатай хэрхэн тэмцэж буйгаа долоо хоног бүр мэдээлэл өгч баймаар байна. Өмнөх хэргүүд хэрхэн шийдвэрлэгдэж, хэн яаж хариуцлага хүлээв, цаашид ямар арга хэмжээ авч байна вэ гэдгээ байнга мэдээлэл өгч байж олон нийт мэдээлэлтэй болж, хараа хяналт нэмэгдэнэ. Авлигын индексээр ухарсан нэг шалтгааныг мэдээллийн нууц байдал гэж олон улсын байгууллага авч үзсэн байна. Мэдээллээ ил гаргах боломжгүй байх гэж би бодож байна. Мэдээллээ ил гаргахын эцэсгүй аймшигтай зүйлс байгаа. Нууц гэсэн тамга дарж, хулгайгаа нуудаг үйл явц руу МАН шилжээд удаж  байна. Авлигын индекс бол Монгол Улсын нүүр царай. Үүнд бүх зүйл хамаарагдаж байгаа. Авлигын индексийг урагшуулахгүйгээр бусад бүх зүйлс урагшлахгүй байгаа юм байна гэж дүгнэж байна.