"Тавантолгой Төмөр Зам" ХХК-ийн нэр бүхий албан тушаалтнууд ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй бичлэг өчигдөр нийгмийн сүлжээнд цацагдсан.
Үүнтэй холбогдуулан "Ажлын байранд тавигдах шаардлагыг зөрчсөн" хэмээн ажлаас нь чөлөөлөхөөр болсон юм. Тэгвэл уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нийтлэгдсэн “Тавантолгой" төмөр зам ХХК-ий нэр бүхий ажилчдын талаарх асуудлыг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шалгалтын ажиллагааг явуулж байна" хэмээн мэдээллээ.
Зөрчлийн тухай хуулийн тус заалтад “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан, эсхүл ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн байна.
Иймд тус нэр бүхий албан тушаалтнууд ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдвол 25000 төгрөгөөр торгуулах аж.