ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Лхагвадорж: УИХ-ыг ээлжит бусаар хуралдуулахыг шаардаж байна

O.Admin
2024-02-22

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дэд дарга Т.Пүрэвхатан, Ардчилсан намын даргын зөвлөх Г.Ганбаатар, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Б.Пунсалмаа, Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Л.Отгонцэцэг, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар зудын гамшигт нэрвэгдэж буй малчдадаа туслахаар “Амь нэгтэй Монголчууд” аяныг хэрэгжүүлж буй талаар болон цас, зуд нүүрлэсэн үед хэрхэн арга хэмжээ авах шийдлүүдийн талаар шуурхай мэдээлэл хийлээ.

НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа:

-Монгол Улсын нийт нутгийн 80 хувь нь цагаан зудтай байна. УОК-оос энэ жил 190 мянган өрхөд 70 гаруй сая мал тоологдсон гэж мэдээлсэн. Зуд зөвхөн хөдөө орон нутгийн асуудал биш, улсын хэмжээнд нүүрлэсэн гамшиг болоод байна. Улсын эдийн засгийг авч явдаг Хөдөө аж ахуйн салбар хүндхэн нөхцөлтэй тулгараад байна. АН-ын гишүүд дөрвөн зүг, найман зовхист ажиллаж байгаа бөгөөд малчдаас манай намын гишүүдээр дамжуулан дараах саналыг ирүүлснийг уламжилъя.

-Мах бэлтгэсэн ч, худалдан авалт хангалтгүй байна. Тээврийн зардал өндөр, хадгалах зоорь агуулах хүндрэлтэй байна.

-Шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх

-Малчдын бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүний борлуулалтад дэмжлэг үзүүлэх

-Малын тэжээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх. Хэвлэлд малын тэжээлийн тусламж хүргэж байгаа гэж мэдээлж байгаа ч, бүх малчдад хүрч чадахгүй байна.

-  Малчдын эрүүл мэндийг дэмжих тусламж дэмжлэгийг яаралтай үзүүлэх.

-Мэргэжлийн яамд, байгууллагын хоорондын уялдаа холбоог сайжруулах гэсэн шаардлагыг ирүүлсэн.

Мөн зуд байгалийн гамшиг үргэлжид болж байдаг. Байгалийн гамшгийн үед хэрхэн ажиллах, хэрхэн урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудаас өгсөн. Үүнд:

-Гамшиг нүүрлэх үед гарах хүндрэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх заавар, мэдээллээр малчдыг идэвхтэй хангах.

-Малчдын эрүүл мэндийг дэмжих

-Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг арилгах чиглэлээр дулааны улиралд ажиллах

-Малчдад эдийн засгийн туслалцаа үзүүлэх бодит ажлыг хийх шаардлагатай гэсэн зөвлөмж өгч байна.

Өвөлжилт, хаваржилт хүндэрч буйтай холбоотойгоор зуд удаан хугацаагаар үргэлжилж эдийн засагт хүндрэл учрах нөхцөл байдал үүссэн учраас ирээдүйд чиглэсэн шаардлагатай арга хэмжээг авах шаардлагатай байгааг малчид онцолж байна.

Ардчилсан намын даргын зөвлөх Г.Ганбаатар: -Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллаад ирлээ. Дорноговь аймгийн зүүн дөрвөн сум малынхаа тав орчим хувийг алдсан. Малын хорогдол маш их байна. Малчдын эрүүл мэнд, сэтгэл санааны байдал хүнд байна. Ийм үед хүн рүү чиглэсэн үйл ажиллагаа нэн чухал байна. Малчдын зээлд банк, санхүүгийн байгууллагууд давагдашгүй хүчин зүйлийн үед ямар арга хэмжээ авах талаар гэрээнд заасны дагуу хугацааг сунгах, хөнгөлөх асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Яг одоогоор малчдын хээл хүндэрч, зарим газар мал төлөлж, төлтэйгээ үхэж үрэгдэж буй энэ үед малын тэжээл өвснөөс гадна туслах хүч их хэрэгтэй байна. Цаашдаа халамж тусламжаар бус ХАА-н салбарыг цогцоор өөрчлөхгүй бол болохгүй нь. Тэнд өвс, тэжээл тээвэрлэсэн улс төрчид л явж байна. Цаашдаа АН мөрийн хөтөлбөртөө ХАА-н салбарыг цогцоор өөрчлөх бодлогыг оруулах болно. Үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг, төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Энэ хүрээнд цаашид малын даатгалын тогтолцоо руу орох хэрэгтэй. Байгаль цаг уурын өөрчлөлтийн улмаас гамшгийн давтамж ойртож буй энэ үед малын даатгал маш чухал. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг АН Засаг барьж байх үедээ баталсан. Харамсалтай нь, энэ хуулийг малчдад сурталчилж, ойлгуулах нь орон нутагт учир дутагдалтай байдаг юм байна. Нөгөө талаар, нөөцийн мах бэлтгэх, малын гаралтай түүхий эд бэлтгэх, мал мах, түүхий эдийн үнийг чөлөөлөх арга хэмжээ авах шаардлагатай байна. Малын мах үнэтэй ч, малаас гарах түүхий эд үнэгүй тул малчид өвс тэжээлээ авч хүчрэхгүй, өвөлжилтийн бэлтгэлээ хангаж чадахгүй байна.

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Б.Пунсалмаа:-Өвөлжилт хүндэрсэн сум, аймгуудаас бид мэдээлэл авч нэгтгэж байна. Малын тоо толгойг бууруулахгүйн тулд дулаан нэмнээ, элгэвчийг бэлтгэж өгвөл нэн хэрэгцээтэй байгаа. Мөн малчин өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж хязгаарлагдаж байгаа тул зам гаргах, боломжит эмийн сан хандивлахыг иргэдээс хүсэж байна. Энэ ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, хандивыг чирэгдэл багатайгаар зохион байгуулахын тулд есөн дүүрэгт цэг гаргасан. Иргэд “Амь нэгтэй монголчууд” аянд нэгдэхийг хүсвэл тухайн дүүрэг дэх Ардчилсан намын байранд дулаан нэмнээ, эм, эмийн хэрэгсэл, малын тэжээл зэрэг хэрэгцээт зүйлсээр хандив нэмэр болж оролцохыг уриалж байна.

Бид Монголын эдийн засгийг солонгоруулна гэж ярьдаг. Үүнтэй адил малчдын орлогыг солонгоруулах шаардлагатай байна. Дээр үед малчин ахмадууд малын шим тэжээлээс хаях зүйл байхгүй гэж ярьдаг байв. Гэвч, одоо малын боловсруулах үйлдвэрүүд хомс учраас малын шим тэжээлийн ихэнх хувийг нь боловсруулж чадахгүй хаяж байна. Тиймээс ЖДҮ дэмжих энэ чиглэлийн төслүүдийг төрөөс дэмжих хэрэгтэй. НДШ-ийг малчдын өмнөөс төлөхийн оронд ЖДҮ-ийн төслүүдэд зээл, татварын хөнгөлөлт, НДШ-ийн хөнгөлөлтөөр дэмжлэг үзүүлбэл маш олон үйлдвэр байгуулагдах боломжтой.

Одоогоос 2-3 жилийн өмнө Эмээлт захад маш их хэмжээний малын гэдэс дотор, өөх хаягддаг байсан. Сүүлийн жилүүдэд бидний хамтын зүтгэлээр маш олон савангийн үйлдвэрлэл хөгжиж,  өөх эрэлттэй түүхий эд болсон. Үүний цаана олон өөх, тос, савангийн үйлдвэрүүд ажиллаж байна. Энэ мэтчилэн олон үйлдвэрийг дэмжиж ажиллавал улсын төсөвт татвар төлдөг олон малчид бий болох боломжтой. Эцэст нь, зудыг амжилттай давахын тулд хандивын аянд оролцохыг  нийслэлчүүддээ уриалж байна.

Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Л.Отгонцэцэг: -Монгол Улсын ХАА-н бодлогын хүрээнд учир дутагдалтай байна. Орон нутгаас УИХ-д сонгогдсон гишүүд, бодлого барьж ажиллаж буй хүмүүст өнөөгийн үүссэн нөхцөл байдал анхааруулга боллоо.  

Монгол Улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилт хүндэрч малын хорогдол ихэссэн. “Амь нэгтэй монголчууд” аян бодлого болон эд материалын хандив тусламжийн хүрээнд хоёр шаттай явагдана. Аян хоёрдугаар сарын 19-нөөс тавдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ сардаа хандив тусламжийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж,  гуравдугаар сараас бодлогын хүрээнд ажиллана.

Тухайлбал, малчид зээл авахдаа даатгалд хамрагддаг ч, ямар хэмжээний нөхөн олговор авч байгаа талаарх асуудлыг бодлогын төвшинд харах ёстой. Аяны хүрээнд маш олон ажил хийхээр жагсаалт гаргасан. Аянд 21 аймаг, есөн дүүргийн ардчилсан намын гишүүд хамтран оролцож байна. Хандиваар цугларсан бүх зүйлсийн тухайн орон нутгийн Онцгой комисст хүлээлгэн өгнө. Хандивын аяндаа идэвхтэй хамрагдаарай, хамтарч ажиллаарай гэж хүсэх байна.

Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж:-Нэг намын хэт ноёрхол Монгол Улсын хөгжүүлэхгүй юм байна гэдгийг бид өнгөрсөн найман жилийн хугацаанд харлаа. Зун нийслэлд нь үер, өвөл орон нутагт зуд болдог чөтгөрийн тойргоос улсаа бодлогын төвшинд яаж гаргах талаар АН-аас анхаарч байна. Статистик мэдээллээр Монгол Улсын нийт газар нутгийн 80 хувь нь зудтай, сүүлийн 50 жилд тохиогоогүй төмөр, шилэн зуд нүүрлэж, 4.5 сая мал хорогдлоо. Үүнийг эдийн засгийн тооцооллоор хонин толгойд шилжүүлбэл нийтдээ найман сая гаруй мал хорогдоод байна. Найман сая малыг 1.5 их наяд төгрөг гэж тооцож байна. Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Эдийн засгийн тооцооллоор малчдын 50 орчим хувь нь нэн ядуу ангилал руу орж байна. Бодлогогүй эрх баригчдын уршгаар тун удахгүй орон нутгаас суурин газар, сум орон нутгаас Улаанбаатар хотыг бараадсан иргэдийн нүүдэл эхэлнэ. Хэдий хонин толгойгоор тооцвол найман сая мал хорогдсон гэж ярьж байгаа боловч, энэ дөнгөж эхлэл. Гурав, дөрөвдүгээр сарын хаврын хавсрагаар 15-20 сая хүртэлх малаа түүхэнд байгаагүй хэмжээнд алдах их аюул бидний өмнө тулгараад байна. Тэгвэл бид цаашид яах ёстой вэ.  Эрх баригчид өөрсдөө хэрэгтэй үед буюу Үндсэн хуулийг өөрчлөх, Бүсчилсэн хөгжлийн чуулганыг хийхдээ УИХ-ын ээлжит бусаар хуралдуулж болдог хэрнээ Үндэсний эрх ашиг яригдаж буй энэ үед нэн яаралтай ээлжит бус чуулган зарлахыг АН-ын бүлгээс шаардсан. Дан ганц Амь нэгтэй монголчууд аяныг хэрэгжүүлэх бус Монгол орон даяарх нийгэмд хандсан үйл ажиллагаа явуулдаг клуб, байгууллагуудыг малчдад тусласан бичлэг, зургаар нийгмийн сайн сайханд давалгаалахыг уриалж байна.

Ардчилсан намын дарга хоёрдугаар сарын 26-наас эхлэн Увс, Өвөрхангай, Хөвсгөл гэх мэтчилэн зуд нүүрлэсэн аймгуудаар тойроход бэлэн болсон. Өдөр бүр шуурхай штаб АН-д байгуулагдан, 21 аймгаас мэдээлэл авч байна.