ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Амарсайхан: Одоогийн байдлаар 1.5 сая мал хорогдсон

O.Admin
2024-02-22

 УОК-оос мэдээлэл хийлээ. Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "Энэ сарын 15-наас Засгийн газрын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдал буюу улбар шар түвшинд шилжин ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 192 сумын нөхцөл байдал хүнд байна. Зам нь хаагдсан, одоо болтол холбоо тогтоож чадахгүй байгаа малчин айлууд бий. Тухайлбал, Архангай аймагт сүлжээ барьдаггүй газар амьдардаг 700 гаруй айл өрх байна. Нийт аймгаар нь тооцвол ийм айл өрхийн төлөө их гарна. Гэхдээ аймаг орон нутгаас нь зам гаргах, ямар нэгэн байдлаар харилцаа холбоо тогтоох ажил хийгдэж байна. Улсын нөөцөөс 6000 тонн өвс тэжээлийг гаргаж нөхцөл байдал хүндэрсэн аймаг, сумын малчдад хүргэх ажлыг хийж байна.

Мөн орон нутгийн нөөцөөс 20 гаруй мянган тонн өвс тэжээлийг нийлүүлж байгаа. Түүнчлэн 10 мянган тонн тэжээлийн улаанбуудайг аймгуудад хүргэж эхэлсэн. Явуулын мал эмнэлэг ажиллуулж байгаа. Энэ эмнэлэг нь сульдсан малыг эмчлэхээс гадна малын хорогдолтой холбоотойгоор халдварт өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлж байгаа. Өнөөдрөөс эхлээд өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд өдөр бүр 11.00 цагаас УОК-ын Шуурхай штабаас хаваржилтын нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийнэ. Өнөөдрийн байдлаар 1.5 сая гаруй мал хорогдсон байна. Дулаарахаар малын хорогдолтой холбоотой өвчин гарахыг үгүйсгэхгүй" гэв.