ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Амарбаясгалантай холбогдсон 103.5 тэрбум төгрөгийн хэрэг

O.Admin
2024-05-23

Монгол Улсад байгалийн баялгийн хараал нүүрлэх эрсдэл тулгараад буйг олон улсын msn.com цахим хуудсанд сануулжээ. Тодруулбал, Тавантолгойн бүлэг ордын нэг, төсвийн хөрөнгөөр хайгуул хийн, нөөцийг нь баталгаажуулсан Бортээгийн ордыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хамгийн ойрын хүн болох Ц.Чулуунзагдын төрсөн ах Ц.Ламжавын “Админерал” компани ганц оролцогчтой тендерт ялах замаар авсныг дурдав.

424 сая тонн сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй Бортээгийн ордын нүүрсний боловсруулалтын 100, борлуулалтынх нь 60 хувийг гүйцэтгэдэг “Админерал” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч А.Баярмаа нь Ц.Чулуунзагдын эхнэр аж. Тэрбээр зүгээр нэг ажилтан бус, ТУЗ-ийн гишүүн. 404 тэрбум төгрөгийн үнэ бүхий 424 сая тонн нүүрсийг худалдах эрх олгосон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан тушаалтан Д.Уужимсанаа нь МАН-ын хэвлэлийн төлөөлөгч Б.Хажидмаагийн нөхөр гэнэ.

Өөр нэг маш ноцтой зүйл нь БНХАУ-ын “Hong Ksong ruishen global group” компаниас 2023 онд “Админерал” ХХК руу 30 сая ам.доллар илгээсэн нь зорилго тодорхойгүйгээр Монголд шингэсэн хэмээн дээрх цахим хуудсанд тэмдэглэжээ. Баяжмалын үйлдвэрийн хөрөнгө оруулалт нэрээр 30 сая “ногоон” бэлнээр авснаа “Админерал” ХХК-ийнхан тайлбарлаж чадаагүй өдий хүрчээ.

Өөрөөр хэлбэл, ийм их хэмжээний буюу 103.5 тэрбум төгрөг авсан нь ор сураггүй алга болж “ууршсан” гэсэн үг. Олон улсын эрүүгийн мөрдөн байцаалтын зарчмаар эл мөнгөний гарал үүслийг тогтоох ёстой. Учир нь хууль бус аргаар олдсон мөнгө угаасан байж болзошгүй гэсэн хардлага бий юм. Үүнийг Монгол руу оруулж ирсэн зорилго, юунд зарцуулж байгааг хянах шаардлагатай гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

“Админерал” ХХК-ийн албан тушаалтан Ц.Чулуунзагд, Хасбаатар нар буюу Д.Амарбаясгалангийн найз нар Монгол Улсын хууль хяналтын байгууллагад хэд хэдэн эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж буй. Гэвч Д.Амарбаясгалан эрх мэдлээ ашиглаж байгаагаас болж мөрдөн байцаалтын ажиллагаа зогсчихоод байгааг msn.com-д мөн дурджээ. Бүр Д.Амарбаясгалан УИХ-д нэр дэвшихээр болоод буй билээ. Төрийн эрхийг хууль бусаар олж авахын тулд дээрх 30 сая ам.долларыг авсан байхыг үгүйсгэх аргагүй. Хэрэв энэ нь нотлогдвол Монгол Улсыг монголчууд биш, эрх баригчидтай ижил ашиг сонирхлоор холбогдсон олон улсын мафийн бүлэглэл удирддаг гэж үзэж болохыг бас анхааруулжээ.

Баялгаа улс орныхоо хөгжилд зөв зохистой ашиглаж чадаагүй, бүр эсрэгээр баялгийн хараалд өртсөн улсуудыг харвал дуулгавартай нэгнийг төрийн албанд томилж, өмнө дурдсан шиг улс төр, бизнесийн бүлэглэл үүсгэн, хэвлэл мэдээллийн хэрэгслийг худалдан авч давуу тал бий болгох зэрэг ижил төстэй аргуудтай гэдгийг мартах учиргүйг сануулсан байна. Бортээгийн хэрэг ч үүнтэй адил гэдгийг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл ийнхүү анхааруулав.

ЖИЧ: Төлбөртэй мэдээлэл