Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний сурын харвааны төрөлд амжилттай оролцож, улсын цолын болзол хангасан харваачдад цол олголоо.
“Улсын цол олгох тухай” зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ө.Золбаяр уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх харваачдад Монгол Улсын цолын батламж, тэмдгийг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.
ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭРЭГТЭЙ ХАРВААЧДААС:
- 40 сумаас 37 онож түрүүлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын харъяат, “Өлгийн мэргэчүүл” багийн харваач Нармандахын Алтансүхэд “Улсын мэргэн” цол,
- 40 сумаас 36 онож гуравдугаар байр эзэлсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, “Бат-Ур мэргэн’’ үндэсний сурын холбооны харваач Дагвасүмбэрэлийн Эрдэнэхүүд “Улсын гоц харваач” цол,
- 40 сумаас 36 онож дөрөвдүгээр байр эзэлсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын харъяат, “Баргудай мэргэн” багийн харваач”, Аймгийн мэргэн, спортын мастер Бадарчийн Лхагвадоржид “Улсын онч харваач” цол,
- 40 сумаас 36 онож тавдугаар байр эзэлсэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Очирваань” клубын харваач Жамъянсүрэнгийн Эрдэнэбилэгт “Улсын тод харваач” цол,
ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭМЭГТЭЙ ХАРВААЧДААС:
- 40 сумаас 38 онож түрүүлсэн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, “Их Монголын харвуул” харваачдын нэгдсэн холбооны харваач Бадам-Очирын Пунсалдуламд “Улсын даяар дуурсах мэргэн” цол,
- 40 сумаас 36 онож гуравдугаар байр эзэлсэн Хэнтий аймгийн Батноров сумын уугуул, “Соёмбо” спорт хорооны тамирчин Баярбатын Пүрэвсүрэнд “Улсын гоц харваач” цол,
- 40 сумаас 36 онож дөрөвдүгээр байр эзэлсэн Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, “Өнөд цэнгэлийн манлай” харваачдын холбооны харваач, Баянжаргалын Наадамд “Улсын онч харваач” цолыг тус тус олгов.