Лидергүй АН
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ардчилсан нам лидер дагахгүй” хэмээв. Хурал цуглаан болохоор урилга заллагатай морилж, суудлын дээр тухалдаг, хор хутгах болохоор лидерүүдээ хуваачихаад фракци бүлэглэл болчихдог хоржоонтой хуваагдлыг энэ нам хангалттай үзсэн учраас ийм үг хэлэх нь аргагүй биз. Өөрөө ч тэдгээр лидерүүдийн нэг. Ерөөс С.Эрдэнэ даргын хэлж байгаа бүхэнд худлаа зүйл алга юм билээ. АН өмнө нь лидер дагасан нам байсан уу, байсан. Намаас гаргасан шийдвэрийг таван фракцийн дарга ярилцаж гаргадаг нь маргаангүй байв. Хэн нэгэнд илүү бялуу хүртээчихвэл өөр нэг нь гомддог, өрсөлдөгчийг нь өөрөөс нь дээр үнэлчихвэл өс санасаар засгаа тонгорчихдог, нам дотроо бужигнуулчихдаг тийм л нам. Үүнийгээ “дотоод ардчилал” гэж томъёолчихно. Яг л “Бага хаадын үе” шиг тэмцэлдээн дунд нам оршин тогтнох гэж хичээсээр гудамжинд гарсан. Тэгвэл АН-д Х.Баттулга, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, З.Энхболд, Н.Алтанхуяг гэх мэтээр маш цөөхөн лидер нь намынхаа ялалт, ялагдалтай цуг үлджээ. Өнөөх оройд нь “гэрэлтэж”, олны өмнө тодорч байсан лидерүүд ялагдлын дараа усанд хаясан чулуу шиг алга болжээ. Тэд С.Эрдэнээс айсан хэрэг огт биш л дээ. Айх, эмээх, бүр ичих тухай ойлголт огт байдаггүй хүмүүс. Шонхор, МҮДН, МоАХ, Нэг ардчилал, МоАН гэх мэт фракциудыг толгойлж байсан лидерүүд нь яагаад таг чиг болсон бэ гэхээр ялагдалтай нь шууд холбоотой.
Хэрвээ АН өнөөдөр төрийн толгойд байсан бол “лидер” гэж өөрсдийгөө тодотгоод л намын байраар өдөр шөнөгүй давхих байлаа. Хурлын тэргүүнд залагдаж, хор найруулсан хэвээр суух байсныг нуух юун. Тушаал авсан хэд нь нэгийгээ тагнаж чагнаж, тэрний энэний гэсэн тодотголтой “цүнх баригчид” нь өвөр зуураа хэмлэлдэх байсан юм. Гэвч Ардчилсан нам өнөөдөр ажин түжин байна. Ичээндээ орсон юм шиг илүү дутуу хөдөлгөөнгүй өдийг хүрсэн шалтгаан нь лидер нэртэй “лойдор”-уудаасаа салж чадсанд байгаа юм. Үүнтэй санал нэгдэх хүн олон бий. Ялагдахаар зугтаж алга болчихоод, ялалт байгуулахаар гарч ирдэг “лойдор”-уудаас нам салах цаг болсон байсныг С.Эрдэнэ бүтээчихэв. Харин хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй хэсэг нь намаа “Шонхор”-оос салгана гэх мэтээр шоудаж ч байх шиг. Тэдэнд бүх боломж байсан шүү. Гэвч хүсээгүй юм. Харин “Шонхор” хийгээгүйг нь хийчихлээ. Гишүүдийн оролцоог хангахаар бодлогын нам болох шийдэл гаргалаа. Эгэл гишүүдээсээ асууж, сонгуульт байдлаар намын даргаа сонголоо. Энийг ардчилал гэж нэрлэдэг байх. Ардчилсан залуучуудын холбоо нь ч энэ байдлаар ажилласан.
Үүний дараа АН-ын даргын амнаас “Ардчилсан нам лидер дагахгүй” гэсэн үг унаж байгаа нь хүлээн зөвшөөрөх үг мөн л дөө. Дараалсан их ялагдлын дараа АН-ын рейтинг шалаар хөглөрч байсан ч өнгөрсөн онд явуулсан судалгаагаар Ардын намын өмнө орж чадсан гэх. Гэвч, энэ эв нэгдэл хэдий хүртэл үргэлжлэх бол. Жил гаруйн дараа 2020 оны сонгууль болно. Тэр цагт орхиж одсон лидерүүдийн “хайр” дахин сэргэж, хурлын тэргүүнд залрах адын бодол нь асах вий. Ардчилсан намд энэ бүхнээс сэргийлэх дархлаа хэр суусан бэ. Эртнээс зөрчлөө дотоод ардчилал хэмээн тодотгож ирсэн тэд эвлэсэн намаа бутаргахыг харин ч сайн чадна шүү. Тиймээс фракцийн тоглолтуудыг тэсч гарах хамгийн том ажил С.Эрдэнэ даргын өмнө ирээд байгаа. Хэн дуртай нь орж ирж самардаг бус, хууль бусыг хийчихээд хууль ёсны хэмээн “даналздаг” лидер нэртнүүдээсээ нэг мөр ангижрахын тулд АН өнөөх ротаци гэдгээ жинхэнэ утгаар нь явуулж эхэлмээр байгаа юм. Мөнгөнөөс бас холдох учиртай. Хэн намын ажилд идэвхтэй оролцож буй нь тунаж үлддэг, тоглоомын гадуур үлдсэнд тойрог ч өгдөггүй зарчим руу орж гэмээнэ сая л “лидер дагадаггүй” гэдэг үгэнд итгэх билээ.
Лидерүүд нь хаачив
Намын дарга нь лидер дагахгүй гэдэг үг хэлчихсэний дараа “Ардчиллын лидерүүд хаачив” гэдэг асуулт зүй ёсоор урган гарна. Тэд 2020 онд яах бол. Хэрвээ АН-д фракциас ангид байх дархлаа суучихвал, тэд хэрхэх вэ гэдгийг заавал ярих ёстой. Ардчилсан нам мандаж явах цагт “асаалттай танк” шиг өмнө нь зогсч байсан Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Э.Бат-Үүл, М.Батчимэг, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Г.Батхүү, Ц.Элбэгдорж, Ц.Оюунгэрэл нар өнөөдөр улс төрийн хүрээнээс ангид байна. Зарим нь хаа нэгхэн олны өмнө гарч С.Эрдэнийн хийсэн шинэчлэл намыг доош нь чангааж байгаа талаар яриад алга болно. Нэг хэсэг нь өөр нам байгуулах гэж оролдож, өмнөх үе рүүгээ, өөрийнхөө би болгосон ардчилал руугаа нулимаад явж байгаа нь худлаа биш. Аргагүй л сонгууль дөхсөний шинж. Уншигч та санаж буй бол УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ардчиллыг авчирсан хүмүүсээ үнэ цэнэгүй болгоод гудамжинд гаргачихлаа” хэмээжээ. Намын шинэчлэл нэрээр МАН-ын 41 шиг сагсалзсан хүмүүс бодлогын хороонд орж ирсэн гэж дүгнэжээ.
Тэрбээр, “Тэр хүмүүс Их хуралд орж ирвэл намын нэр хүндийг уландаа гишгэнэ. Одоо дарга дагасан, далдганасан, ядарсан хүмүүсийг хэд гурван төгрөгөөр хэдэн хүнийг худалдсан хүмүүс орон зайнуудыг эзлээд эхэлж байна. Үндсэндээ ардчиллын үнэ цэнийг ойлгодог, ардчиллыг дэмждэг, анхнаас нь ардчиллыг бий болгох гэж зорьж явсан хүмүүс шахагдчихаад сууж байгаа. Ардчиллын төлөө эхнээсээ тэмцсэн, зүтгэсэн тэр капиталууд алга боллоо. Энэ чинь шинэчлэл юм уу, дампуурал юм уу. Намын удирдлагуудын олхиогүй үхээнц байдлыг засах ёстой” гэж дуугарав. Гэвч хэзээ эхлэхээ ярьсангүй. Өмнө нь яагаад хийгээгүй ч бас тайлбарлаагүй юм. Өөрөө ч шахагдсан гэдэгтээ итгэлтэй яваа нь дамжиггүй. Ардчиллыг байгуулсан улстөрчид ярьсан шигээ яагаад гудамжинд гарав. Сагсалзсан, мөнгөтэй нэгэнд эрх мэдлээ алдчихаад буланд шахагддаг лидер энэ төрд бий бил үү.
Тэр ч байтугай мөнгөтэй, эрх мэдэлтэй МАН-ынхан энэ өдрүүдэд дотроосоо тэмцэж, зөрчилдөж намаа шинэчлэх гэж оролдож байна. Сагсалзаад ч хамаагүй намаа хэдхэн хүний халааснаас гаргах гэж оролдож, санаснаа ч хэрэгжүүлчихлээ. Р.Амаржаргалын хэлсэн шиг, Х.Тэмүүжингийн бухимдсан шиг байгуулсан, бүтээсэн ардчилал нь С.Эрдэнэ ба түүний фракцийн өвөрт тэр чигээрээ орчихсон бол яагаад тэмцэхгүй энэ хүрсэн юм бэ. Өвсөнд хаясан зүү шиг алга болчихоод, сонгууль дөхөхөөр гэнэтхэн дуу орж эхэлсэн нь хэрхэвч ардчилалд хайртай лидерүүдийн хийх үйлдэл биш л дээ. Лидер хүн лидерээрээ л байх учиртай юм. Ялалт, ялагдалтай хамт байх ёстой.
Харин хатуухан хэлэхэд, лойдор байжээ, тэд. Нам нь мөнгөөр суудлаа зарж, шинэчлэл нэрээр дампуурч байгаа бол дөрвөн жил тэмцээд хамаагүй “Шонхор”-оос намаа салгах цаг хугацаа хангалттай байлаа. Гэвч тэгээгүй юм. Усанд хаясан чулуу шиг алга болсон. Ялагдлын дараа байгуулсан бүхэн рүүгээ нулимсан. Одоо ч нулимж буй. Харин сонгуулийн өмнөх “эргэн ирэлт” тэдэнд амжилт авчрах уу, аль эсвэл дахиад гудамжинд очих сонголт авчрах уу гэдгийг бүлэг фракцийнхаа уулзалт бүрээр ярьж суугаа нь дамжиггүй биз ээ. Дахиад хэлэхэд, байгуулсан ардчиллаа аврах боломж та бүхэнд хангалттай байсан юм шүү, лидерүүд ээ. Гэвч тэр боломжоо ардчилалтайгаа хамт нулимж орхисноо санаарай. Ниргэсэн хойно хашгираад яах билээ.