УИХ-ын Дэд дарга Х.Булгантуяад 2025 оны Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн төслүүдийг яаралтай хэлэлцүүлэхээр Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар өргөн барьсан.
Сангийн сайд Б.Жавхлан төсвийн төсөлд нэгдсэн төсвийн нийт орлогыг төсвийн хөрөнгө оруулалт, зарлагын бууралттай холбогдуулан 394.7 тэрбум төгрөгөөр буурахаар тооцсон. Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 хувийн ашигтай болохоор байна гэв.
Төсвийн төсөлд урсгал зардлыг бууруулахаар дараах төсвүүдийг танажээ.
-Тэтгэвэр тэтгэмж, нийгмийн даатгал, хүүхдийн мөнгийг бууруулахгүй. Мөн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжийн зардлыг танахгүй.
-Төсөвт байгууллагуудын тавилга, эд хогшил худалдан авах, сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, гэрээт ажилтан ажиллуулах, дуудлагын автомашин хөлслөх, зөвлөл, хороо, комиссын гишүүнд ажлын хөлс, урамшуулал олгох зардлыг 100 хувь бууруулах;
-Соёлын эрхийн бичиг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Кино урлагийг дэмжих сан, засаг захиргааны нэгж, төрийн захиргааны байгууллагыг үр дүнгээр шагнах, урамшуулах, эрүүл мэндийн сургалт сурталчилгаа хийх зардлыг 100 хувь бууруулах;
-Эрүүл мэнд болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад бүх байгууллагын тээвэр шатахууны зардал, төрийн өндөр дээд түвшний айлчлал, өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авах зардлаас бусад гадаад албан томилолт болон зочин төлөөлөгч хүлээн авах зардал, эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, хууль зүй, дотоод хэргийн салбараас бусад салбарын дадлага, бэлтгэл сургуулилт хийх зардал, бүх шатны төсвийн байгууллагын дотоод албан томилолт, бичиг хэргийн зардал, багаж техник хэрэгсэл худалдан авах зардлыг тус тус 50 хувиар бууруулах;
-Байр ашиглалттай холбоотой тогтмол зардал, хангамж, бараа материал, шуудан холбоо, эм бэлдмэл, нормын хувцас, хоол, урсгал засвар, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас, шилжүүлэг, эргэж төлөгдөх зээл, бараа үйлчилгээний бусад зардал, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэмжээ, боловсролын тэтгэлэг, авто зам, гүүрэн байгууламжийн засвар ашиглалт, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг 10 хувиар бууруулах зэрэг болно.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан, ажлыг эхлүүлсэн төслүүдийг дуусгах, гэрээ байгуулаагүй, ажил эхлээгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж, хойшлуулах юм. Мөн зарим их засвар, ТЭЗҮ, зураг төсөв, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бууруулах, хэлэлцээрийн шатанд байгаа төслийг хойшлуулахаар тусгасан байна. Харин Хавдар судлалын Үндэсний төв-II барилгын хөрөнгийг нэмж тусгажээ.