Агаар, орчны бохирдлын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Эрчим хүчний яам, Байгаль орчин, уур амьсгал, өөрчлөлтийн яам болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар бусад холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудтай уулзаж тайлан мэдээ, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.
Албаныхан агаарын бохирдлыг хамгийн ихээр үүсгэж байгаа эх үүсвэрээр гэр хорооллын айл өрх (55.6%), автомашин (28.9%)-ыг нэрлэж байна. Мөн арваннэгдүгээр сарын байдлаар PM 2.5 тоосонцор, NO2 азотын давхар исэл, SO2 хүхэрлэг хий зэрэг нь өнгөрөгч жилийн мөн үеэс нэг орчим хувиар бага байгаа бол PM10 тоосонцрын үзүүлэлт өнгөрөгч оноос 10 хувиар, стандартаас 20 хувиар ихэссэн талаар танилцууллаа. Түүнчлэн бага оврын уурын зуухтай зарим аж ахуй нэгж 100 мянга орчим тонн ангилж ялгасан нүүрс түлж байгаа ч нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй байхад анхаарч ажиллаж байгааг холбогдох албан тушаалтан илтгэлээ. Агаар, орчны бохирдлын өнөөгийн байдалтай холбогдуулан дараах үүрэг чиглэлийг албаныханд өглөө.
Үүнд:
-Сайжруулсан түлшний орц найрлага, чанар стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхэд онцгой, анхаарч байнгын хяналт тавих;
-Түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэхэд онцгой анхаарч хяналтаа сайжруулах;
- Агаарын чанарын хэмжилтийн мэдээллийг өдөр бүр олон нийтэд мэдээлэх;
-Агаарын бохирдол хамгийн их байгаа цэгүүдэд явуулын станцууд ажиллуулж, хэмжилт хийж олон нийтэд мэдээлэх;
- Иргэд, олон нийтийн дунд аливаа эргэлзээтэй эсвэл төөрөгдүүлсэн мэдээлэл гарсан бол бодит мэдээллийг ил тод өгч эргэлзээ, төөрөгдлийг тайлахыг үүрэг болголоо.
Түүнчлэн бүх шатанд хяналтаа сайжруулахыг онцгойлон үүрэг болгов. Агаар, орчны бохирдолтой тэмцэх нь төрийн аль нэг газрын ажил биш. Үүнд төрийн байгууллагын нягт уялдаа холбоо хамгаас чухал. Мөн олон нийтийн оролцоо ч чухал. Тиймээс бодит мэдээллийг иргэдэд нээлттэй өгч байх ёстой. Гэтэл мэдээллээ хав дарж суучихаад ард иргэд, төр хоёрыг буруу ойлголцолд хүргээд байна. Мөн төөрөгдүүлсэн мэдээлэл хүргэж агаар, орчны бохирдолтой тэмцэх ажлыг хийдүүлж болохгүй.
Сайжруулсан түлш бол иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, агаарын бохирдолыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж буй анхан шатны эхний ажил юм.