Цэргийн албаны тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг, Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаалаар батлагдсан “Цэргийн бүртгэл явуулах журам”-ыг удирдлага болгон жил бүр бэлтгэл ажлыг хангадаг билээ.
Улс орон даяар 2025 оны цэргийн бүртгэл өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын10-наас эхэллээ. Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийг өнөөдрөөс эхлэн 2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл бүртгэнэ.
Үйлчилгээг авахын тулд “E-Mongolia” системд өөрийн бүртгэлээрээ нэвтрэн орж хайлтын хэсэгт “Цэргийн бүртгэл” үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийснээр 2025 оны цэргийн бүртгэлдээ хамрагдах боломжтой.
Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй байдаг. Тухайлбал,
-
Дээд офицер /Генерал/ – 65 нас
-
Ахлах офицер – 60 нас
-
Дунд офицер, ахлагч – 55 нас
-
Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ – 50 нас хамаарах юм.
2025 оны цэргийн бүртгэлийг аймаг, нийслэл тус бүр заагдсан өөр өөр хугацаанд бүртгэх юм.
Цэргийн бүртгэлийн хүсэлт илгээхдээ дараах зүйлсийг анхаарна уу!
-
Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насны иргэд харьяа баг, хороон дээр өөрийн биеэр очиж бүртгэл үүсгэх шаардлагатай.
-
Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй буюу хаяж гээсэн тохиолдолд харьяа аймаг, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабт өөрийн биеэр очин үнэмлэхээ авах шаардлагатай.
-
Хаягийн шилжилт хийлгэсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийн Цэргийн штабт хандан шилжилт хөдөлгөөнөө баталгаажуулж бүртгэлээ хийлгэх шаардлагатай.
Та өөрийн цэргийн бүртгэлд хамрагдах хүсэлтийн хариуг E-Mongolia системийн “Мэдэгдэл” цэсээс харах боломжтой.
Хэрэв цэргийн бүртгэлд цахимаар хамрагдах боломжгүй тохиолдолд өөрийн харьяа дүүргийн цэргийн штаб дээрээ дараах материалуудыг бүрдүүлж очно.
Үүнд:
-
Цэргийн үүрэгтний үнэмлэх
-
Иргэний үнэмлэх
-
Тухайн иргэн өөрөө байхгүй бол гэр бүлийн гишүүн ирж бүртгэлд хамруулан дэвтэрт бичилт хийлгүүлж баталгаажуулна.
Цэргийн бүртгэлдээ идэвхтэй хамрагдаарай.