ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдах албан тушаалтныг олон улсад нээлттэй сонгон шалгаруулна

O.Admin
4 цагийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө. Тэрбээр, Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн гурав нь гараанаас гараад байна. Цаашдаа 14 эрхзүйн реформ хийгдэх төлөвлөгөөний дагуу ажлууд урагшилж байна. Энэ хүрээнд Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах реформын хүрээнд энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар Төрийн өмчит компанийн бүтээмж, засаглал, ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ.

Чуулганы завсарлагаанаар Их хурлаас байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтраад төрийн өмчит компанийг 40 хувь хүртэл бууруулах, хувийн хэвшилд зарим чиг үүргийг шилжүүлэх, татан буулгах, нэгтгэх өөрчлөх, олон нийтэд нээлттэй компани болгох асуудлыг хуулийн дагуу хийж, үндсэн чиглэл батална. Таван салбараас бусад салбарт төр ямар нэг байдлаар бизнес эрхлэхгүй.

Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах чиглэлээр “Эрдэнэс Тавантолгой” компанийг олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, зарим мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах чиглэлээр ажлын хэсэг гаргаж ажилласан. Ингэснээр удирдах долоон албан тушаалтны тав дээр тавигдах шаардлага боловсруулж, багаар эсвэл хувиараа гэсэн сонголтын хүрээнд хүний нөөцийн 20 олон улсын зөвшөөрөгдсөн компанитай хамтраад нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар материал бүрдүүлж дууслаа. Хүний нөөцийн 20 компанид хамтарч ажиллах бичиг хүргүүлсэн, мөн олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэдгээр албан тушаалтнуудын сонгон шалгаруулалтыг зарлахад бэлэн боллоо.

Ерөнхий сайд Арабын улсуудад айлчилсантай холбоотойгоор Бахрейн улсын сайн туршлагад үндэслэсэн “Business friendly” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.

Энэ хүрээнд нийгмийн даатгал, татварын шинэчлэлт хийнэ. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Төрийн хүнд суртлыг бууруулах бүртгэл, батламж, эрх олгох гэх мэт зөвшөөрөл олгох нэртэй бичиг баримтуудыг цуцлах арга хэмжээнүүдийг шат дараатай зохион байгуулна. Бизнесийнхэнд тулгарч буй асуудлыг шийдэх чиглэлээр ажиллана гэсэн үг. Монгол Улсад бизнес эрхлэхэд таатай ээлтэй орчныг бүрдүүлэх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын даргаар ахлуулан байгууллаа.

УИХ-ын гишүүд Казахстан улсад айлчилсан сайн туршлагын үндсэн дээр Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байгаа. Зарим бизнесийн үйл ажиллагаанд нэхэгдээд байгаа зөвшөөрлийг цуцална. Цаашдаа зөвшөөрлийг мэргэжлийн холбоодод шилжүүлнэ. Засгийн газрын 11 11 төв нь хиймэл оюун ухаанд тулгуурлан тулгамдсан асуудлаар иргэдийн асуултад хариулж байгаа. Цаашдаа төрийн албан хаагчдын талаарх гомдол саналыг авч эхэлнэ. AI ашиглан иргэдийн санал гомдолд хариулт өгч эхэлнэ. 

"Монголын төмөр зам" ТӨХК, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийг нэгтгэснээрээ чиг үүргийн давхардлыг бууруулж, орон тоог 30 хувь хүртэл цомхотгоно. Цаашдаа ийм бодитой тооцооллыг хийнэ. Сая "Эрчист Монгол" дээр уул уурхайн бус компаниудыг нэгтгэснээр одоо ТУЗ байгуулагдаж, олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалтыг хийгээд эхлэхээр цалин дээр гэхэд 11 тэрбум төгрөгийг хэмнэнэ. Цалин хөлс, урамшууллын тогтолцоог төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулиар 74 мэдээлэл ил болно. Энэ хүрээнд цалин хөлс нь ил болно" хэмээлээ.