ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системд цахимжуулахаас гадна шинэчлэл хийнэ

O.Admin
10 цагийн өмнө

Хэдхэн жилийн өмнө бид иргэний үнэмлэх, гадаад паспортаа Улсын бүртгэлийн ерөнхий газарт өөрийн биеэр очиж олон шат дамжлагатайгаар захиалж авдаг байсан.

Цахим үндэстэн болох зорилтын хүрээнд төрийн үйлчилгээнүүдийг цахимжуулж цахим шилжилт рүү шилжсэнээс хойш уламжлалт байдлыг хослуулан иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр иргэний цаг хугацааг хэмнэн илүү хялбар, хүртээмжтэй, шуурхай байдлыг бий болгон иргэн бүр E-Mongolia системээсээ өөрийн бүртгэлээрээ нэвтрэн лавлагаа, тодорхойлолтыг хэдхэн секундийн хугацаанд авах боломжтой болсон. 

“И-Монгол академи” УТҮГ нь байгуулагдсан цагаасаа хойш одоог хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран ажиллаж харилцаа холбоогоо илүү бататган тус газраас олгодог иргэдэд хамгийн хэрэгтэй, шаардлагатай 148 үйлчилгээг цахимжуулжээ.

Эдгээр үйлчилгээнүүдээс зарим үйлчилгээ нь хамгийн эрэлттэй байдаг. Тухайлбал: Нийт хугацаанд E-Mongolia системээс иргэний үнэмлэхийн лавлагааг 2,653,897 удаа, иргэний оршин суугаа хаягийн лавлагааг 1,433,339 удаа тухайн үйлчилгээнүүдийг авсан байна. Харин зарим үйлчилгээг нь иргэд цахимжсан талаарх мэдээллийг бүрэн гүйцэд аваагүй байна.

Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Болдхүү, “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, Сургалт олон нийттэй харилцах газрын дарга Н.Төрбат холбогдох албаны удирдлага болон албан хаагчид санал солилцож цаашид хамтын ажиллагаагаа сайжруулах, иргэдэд шаардлагатай үйлчилгээгээ хэрхэн нэмэгдүүлэх, цахимжсан нийт үйлчилгээний хандалт бага буюу иргэдийн мэддэггүй үйлчилгээнүүдийг таниулах санал дүгнэлтүүдийг гаргах уулзалтыг өнөөдөр /2025.01.24/ УБЕГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.

Цаашдаа бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалтыг шат дараатайгаар хийж иргэдэд илүү хүртээмжтэй, хялбар байдлыг нэмэгдүүлсээр байх юм.