Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгээс гурван удаагийн хэлэлцүүлгийг явуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд “Утааны асуудал: эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвийн хүрээнд гурав дахь хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.29/ боллоо.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Чинбүрэн, Б.Уянга, Х.Булгантуяа нар болон холбогдох төрийн байгууллага, яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, салбарын эрдэмтэн судлаачид, иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл болох нийт 126 хүн оролцов.
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, асуудлын цар хүрээ, ажиллах боломжийг харгалзан мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасан журмыг тус тус баримтлан Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдөр “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” гэсэн сэдвээр зохион байгуулахаар тогтож, тогтоол баталсныг онцлоод ажлын хэсэг ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталж, бэлтгэл ажлын хүрээнд гурван удаагийн дэд хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэсэн гэв.
Гурван удаагийн хэлэлцүүлэгт төрийн болон төрийн байгууллага, иргэдийн төлөөлөл болох нийт 290 гаруй хүн оролцож, 33 иргэн асууж асууж, хариулт авч, санал хэлсэн байна.
Засгийн газраас 2018 оноос эхлэн улсын төсвийн бодлогод агаарын бохирдол гэсэн тусгай арга хэмжээг үүсгэн хөрөнгө төсөвлөх болсон. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр /2018-2025 он/, Монгол Улсын Засгийн газрын “Хөтөлбөр батлах тухай” 2017 оны 98 дугаар тогтоолын хүрээнд /2018-2024 он/ улсын төсвөөс нийт 336.1 тэрбум төгрөг төсөвлөж, үүнээс 276.3 тэрбум төгрөгийг зарцуулж, гүйцэтгэл нь 82.2 хувьтай байна.
Агаар, хөрсний бохирдлыг бууруулах, судалгаа шинжилгээ хийх, авто тээврийн хэрэгслээс ялгарах бохирдлыг бууруулах, Улаанбаатар хотын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний нөөцийн судалгаа дүгнэлт, агаарын бохирдлыг бууруулах, түүнийг ашиглах мастер төлөвлөгөө боловсруулах, цэвэрлэх байгууламжийн технологийн шинэчлэл гэх мэт арга хэмжээ авч хэрэгжүүлж, нийт 119 тэрбум төгрөг зарцуулсныг илтгэлд дурдав.
Мөн цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт урамшуулал, зээлийн хүүгийн татаасын хүрээнд агаарын чанарын бүсэд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт, ногоон зээл татаасанд 2019-2024 онд нийт 46.1 тэрбум төгрөг зарцуулжээ.