Өмнөговь аймгийн 2025 оны орон нутгийн төсвийн 30 хувийг боловсролд чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ирээдүй хойч болсон хүүхэд багачуудыг чанартай боловсрол эзэмшүүлэх, сурах таатай орчныг бүрдүүлэн зөв бодлого, хөтөлбөр төлөвлөхөд салбарын мэргэжилтнүүд, багш сурган хүмүүжүүлэгчдийн санаа бодлыг сонсож тусгах нь чухал. Иймд аймгийн Засаг дарга Даланзадгад сумын СӨБ, ЕБС-ууд болон Политехникийн коллеж, Технологийн Дээд сургуулийн удирдлага, сургалтын менежер багш нарын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Боловсролын чиглэлээр тухайлбал гадаадын их дээд сургуульд магистр түвшний, орон нутагт дутагдалтай мэргэжлийн, сурагч солилцооны болон гадаад улсад туршлага судлуулах чиглэлээр тэтгэлэгт хамруулах, “Говийн ирээдүй-Хүүхэд”, “Чадварлаг багш” , “Математик боловсрол” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм. Эдгээр хөтөлбөрт багш нар өөрсдийн ур чадварын дагуу хэрхэн оролцох боломжтой талаараа аймгийн удирдлагатай санал солилцсон уулзалт боллоо.
Цэцэрлэг, сургууль , 6-7-р ангийн сурагчдын үдийн хоол, дотуур байрны хүүхдийн хоолонд орон нутгийн төсвөөс олгодог нэмэгдлийг үргэлжлүүлнэ.