ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Дээд шүүхийн шийдвэр бичгээр гарснаар Д.Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татна

O.Admin
3 цагийн өмнө

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг хосолсон тогтолцоотойгоор зохион байгуулж 126 гишүүн долдугаар сарын 02-ны өдөр Төрийн сүлдэнд тангараг өргөснөөр гишүүдийн бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа эхэлсэн.

Гэвч Улсын Их Хурлын сонгуулийн I тойргоос нэр дэвшиж ялалт байгуулсан Даваагийн Цогтбаатар гишүүн нь Монгол Улсын дээд шүүхийн 2024 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүдэд холбогдох хэрэгт Д.Цогтбаатар нарын найман шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн.

Шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах ба хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болохоор хуульчилсан тул Улсын Дээд шүүхийн тогтоол бичгээр гарах сүүлийн хугацаа нь 2025 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр байна.

Тодруулбал Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосон, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан Д.Цогтбаатарт анхан шатны шүүхийн шийдвэрээр 20 сая төгрөгөөр торгож нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хассан ялыг Улсын Дээд шүүхээс хэвээр үлдээснээр Даваагийн Цогтбаатар гишүүн нь гэмт хэрэг үйлдсэн болох нь эцэслэн шийдвэрлэгдсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дах хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ...” заасны дагуу шүүхийн шийдвэрийг зайлшгүй биелүүлэх зарчмыг тодотгожээ.

Улсын Их Хурал нь нийтийн албанд хамаарах тул Д.Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татах үндэслэл болоод байна.

Шүүхийн шийдвэр албажиж гарснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрийг хүлээн авч эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаж, ажлын 3 өдрийн дотор тойрог хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид хуваарилж, энэ тухай прокурорт мэдэгдэнэ. Харин шийдвэр гүйцэтгэгч нь тогтоолыг хүлээн авсан даруйд ял эдлүүлэх ажиллагааг эхлүүлэх бөгөөд эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойш 5 хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай мэдэгдлийг хүргүүлнэ, тухайн мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор эгүүлэн татна.