ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Учрал: Цэцэрлэг байгуулахад 93, эмийн сан байгуулна гэвэл 138 шат дамжлага дамждаг

O.Admin
7 цагийн өмнө

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын V хуралдаан болж байна.

Хурлын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ угаарын улмаас хүний амь нас эрсэдсэнд эмгэнэл илэрхийлээд Шуурхай штабын гишүүдэд агаарын бохирдлыг бууруулах, сайжруулсан шахмал түлшний чанар, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч, хариуцлагаа өндөржүүлж ажиллахыг анхаарууллаа.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Зөвшөөрлийн зөвлөл”-ийн хийж буй ажлуудыг танилцуулав. Өнөөдрийн байдлаар 251 төрлийн тусгай зөвшөөрлийн 122 тусгай зөвшөөрлийг хууль давсан журмаар зохицуулж байна. Зөвшөөрөл нь иж бүрэн хориглолтын систем болсон байна. Анх 360 зөвшөөрлөөс илүү зөвшөөрөл байхгүй гэж 2022 онд хуульчилсан ч хоёр жилийн дотор 16 зөвшөөрөл нэмэгдсэн. Цэцэрлэг байгуулахад 93, эмийн сан байгуулна гэвэл 138 шат дамжлага дамждаг, нийслэлд зөвшөөрөл гэх нэртэй ч 145 бүртгэл нэртэй хориглолт бий болсон. Хууль хэрэгжүүлж ажиллах шаардлагыг зөвшөөрөл олгож буй эрх бүхий байгууллагуудад “Зөвшөөрлийн зөвлөлийн тогтоол”-ын хамт хугацаатай үүрэг өгсөн. Ирэх долоо хоногт энэ ажлыг эрчимжүүлнэ. Төрийн албан хаагчид бид иргэддээ хүнд сурталгүй үйлчлэх үүрэгтэйгээ мартаж болохгүй гэв.

Өнөөдрийн хурлаар өмнөх хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилт, нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийн санхүүжилтийн загвар, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох болон агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд үзүүлэх цахилгаан эрчим хүч, хийн түлшний үнийн урамшууллын хэлбэр, хувь хэмжээг тогтоох, урамшуулал олгох журмын төсөл, ариутгах татуургын “Туул-1” коллектор, Лаг боловсруулах үйлдвэрийн асуудал, Нийслэлийн авто замын сүлжээний l тойрог замын ажлыг санхүүжүүлэх боломжит хувилбаруудын талаар хэлэлцэж байна.