ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Дэмжих төвийг байгуулж 1000 орчим хүүхдийг хамруулна

O.Admin
1 өдрийн өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2025 оны анхны хуралдаан боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудалд онцгойлон анхаарч, томоохон шийдвэрүүдийг гаргаж, шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт тусгаад байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр байгуулахад шаардлагатай 24 тэрбум төгрөгийг баталжээ.

Мөн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг 30 хувиар нэмсэн. Боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийг хөгжүүлэх Дэмжих төвийг байгуулан 1000 орчим хүүхдийг хамруулах ба 8.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан аж.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2025 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон ажиллана. Засгийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх зөв ойлголт, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж, нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах эрх зүйн орчныг сайжруулах юм. Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийг батлуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэгш, хүртээмжтэй дэд бүтцийн стандартыг бүх төрлийн орон сууц, худалдаа, үйлчилгээний байгууллагуудад мөрдүүлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах хуулийн хэрэгжилтийг хангуулна зэрэг зорилтыг дэвшүүлээд байна.