ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Ухаа худаг”-ийг улсаас хулгайлах схем хэрхэн зурагдсан бэ

O.Admin
8 цагийн өмнө

Төрийн мөнгөөр хайгуул хийсэн Тавантолгойн бүлэг ордын хууль бус лиценз олголт, тэр дундаа ордын хамгийн гол нөөцийг агуулсан "Ухаа худаг"-ийг хувийн компанид шилжүүлэхдээ хууль зөрчсөн үйлдэл байсан эсэхийг тодруулах ажлын хэсгийг Засгийн газраас байгуулж, Хуульзүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад байгаа билээ.

Тус дүгнэлтээр УИХ-ын болон Засгийн газрын тогтоол гаргахгүйгээр, улсын эзэмшлийн хувь хэмжээг тогтоохгүйгээр тус ордыг хувийн хэвшилд тэмдэглэл хөтлөн шилжүүлсэн үйлдэл нь хууль зөрчсөн нь тогтоогдсон. Тэгвэл энэхүү орд ямар замаар хэрхэн “Энержи Ресурс”-т шилжсэнийг "nuuts.mn" сайтын нэвтрүүлэгт дурдагдсан доорх таван баримтаар уншигч танд хүргэе.

БАРИМТ 1: 36 жилийн хугацаанд улсын төсвийн 41 сая төгрөгийг зарцуулсан, 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордыг анх М.Энхсайханы тушаалаар Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдож, найман жил дарга хийсэн “хужаа” Д.Жаргалсайхан өөртөө авч байжээ.

БАРИМТ 2: Д.Жаргалсайхан 2004 онд ажлаа өгөхдөө тухайн үед Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байсан Сү.Батболдод ордын лицензийг шилжүүлэн өгсөн. Харин Сү.Батболд өөрийн эзэмшлийн компаниас “Энержи ресурс” буюу MCS-т шилжүүлэн өгсөн.

БАРИМТ 3: Харин Ц.Элбэгдоржийн толгойлсон Засгийн газар тус ордыг төрд эргүүлэн авах бус эсрэгээрээ нам дамжсан бүлэглэлээрээ хуваан эзэмшив. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн бүлэг ордын тодорхой хувийг буюу “Ухаа худаг”-ийг хувийн хэвшилд эзэмшүүлэх гэрээнд төрийн талаас Үйлдвэр худалдааны сайд асан Х.Наранхүү, хувийн хэвшил талаас MCS компанийн захирал Ж.Оджаргал /Ц.Элбэгдоржийн хүн гэгддэг/, “Петровис” компанийн захирал агсан Ж.Оюунгэрэл /С.Баярын хүн гэгддэг, “Шунхлай” группын Гүйцэтгэх захирал П.Батсайхан /Г.Батхүү агсаны хүн гэгддэг/, “Моннис” компанийн Гүйцэтгэх захирал Б.Чулуунбаатар /Сү.Батболдын хүн гэгддэг/, “Тэнгэрийн цаг” компанийн захирал А.Ганхуяг /анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсаны хүн гэгддэг/ буюу МАХН, АН –аас тус бүр гурав, гурван хүн оролцож тус ордоос тасалж авчээ.

БАРИМТ 4: Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 2014 онд “Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт оролцохдоо “Ерөнхий сайд Сү.Батболд тухайн үед Тавантолгойн лицензийг эзэмшиж байсан. Сү.Батболдтой уулзаад энэ тухай асуухад минь “Ашиггүй төсөл гээд гадныхан буцаахаар нь би авчихсан юм. Гэхдээ ганцаараа явуулж чадахгүй учраас хэрүүл маргаангүй шийдье гээд улс төрийн бүлэглэлүүдэд хувааж өгч байна. Т.Бадамжунай М.Энхболдыг төлөөлж орсон. Ц.Элбэгдорж орсон. С.Баяр орсон. Одоо та ор. Бүгд нэг, нэг юм хариуцаж байгаа” гэж хэлж байсан.

Ерөнхий сайд С.Баярын үед энэ хэлцэл явж, 4-5 хувь нь хувийн компани буюу “Энержи Ресурс-т үлдээд үлдсэн нь төрд ирсэн. Гэтэл тэрхүү 4-5 хувь нь Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарахад 4.5 миллярд ам.доллар болсон” хэмээн ярьж байв. Өөрөөр хэлбэл, тэд хамгийн гол ордыг авч үлдсэн гэдгийг энэхүү мөнгөн дүн харуулж байна хэмээн ярьсан байдаг.

БАРИМТ 5: "Ухаа худаг"-ийн хамгийн чухал коксжих нүүрсний ордыг ашиглах хугацаа нь 30 жил бөгөөд 132 их наядыг эндээс олох боломжтой. Оросын эрдэмтэн тус орд дээр 10 мянган хүн амтай хот байгуулахад ямар ч асуудалгүй эдийн засгийн эрсдэлгүй хот болон хөгжих боломжтой хэмээж байв. 132 их наядыг Монгол Улсын 3.5 сая хүнд хуваахад нэг хүнд 37 сая төгрөг ногдож байгаа юм.

...Харин тэрхүү ордыг нэг компани, нэг хэсэг хүмүүс л эзэн сууж, ард түмэн харин 34 хувиа ч авч чадахгүй сууж буй нь үнэн билээ. Тиймээс энэхүү ажлыг нэн яаралтай, хаврын чуулган эхэлмэгц хэлцэлд орохыг ард түмэн хүлээж байна.