Төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчин болон Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан түншлэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар сурталчлах, танилцуулах, санал солилцож, хэлэлцэх зорилго бүхий “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум”-ийг зохион байгуулж байна.
“Төр, хувийн хэвшлийн түншлэл нь томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай үзүүлэхэд чухал үүрэгтэй. Үр ашиг бүхий, нийтийн зориулалттай томоохон дэд бүтэц, нийгмийн салбарын төслүүдийг урт хугацаанд эрсдэлгүй, үр ашигтай хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо маш чухал юм.
Аливаа улс орны хууль эрх зүйн орчин сайн, тогтвортой байх нь дотоод, гадаадын хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад маш чухал бөгөөд манай улсын хувьд ч олон улсын жишигт нийцсэн, тодорхой, ойлгомжтой, тогтвортой хууль, эрх зүйн орчинтой болгох зорилгоор Улсын Их хурал Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг баталсан.
Цаашид ч хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгож, хувийн хэвшлийн санаачилсан төслийн шаардлага, үе шатыг бууруулах, мөн орон нутагт хэрэгжих боломжтой, төсөвт өртөг багатай түншлэлийн төслийг хурдан шуурхай хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, түншлэлийн төслийн санал гаргасан хугацаанаас гэрээ байгуулах хүртэлх үе шат, зарцуулагдах цаг хугацааг багасгах зэрэг сайжруулалт хийхээр зорьж байна гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр онцоллоо.
Ингэснээр төр дангаараа авч явдаг олон салбарын төрийн үйлчилгээ, бүтээн байгуулалт, дэд бүтцийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, ашиглалт, үйл ажиллагааг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж байж тухайн салбаруудад шинэчлэл хийгдэж, бизнесийн томоохон зах зээл бий болно