Улс төрийн барометрийг гаргадаг MЕС судалгааны байгууллага гуравдугаар сарын дүн мэдээгээ танилцуулжээ. Тодруулбал, санамсаргүй түүврийн аргаар сонгосон 1000 гаруй иргэнээс /гуравдугаар сарын 6-11-нд/ улс төрийн өнөөгийн нөхцөл байдал хийгээд улстөрчдийн рейтингийн судалгааг авдаг гэдгээрээ танигдсан. Тэгвэл энэ удаа “Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрч” болон “Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрч”, цаашлаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хотын дарга нэг бүрээр судалгаа гаргаснаа олон нийтэд танилцуулсан байна.
Судалгаанд оролцсон нийт иргэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ажил хэрэгч, гадаад харилцаа сайжирсан, шударга гэдгээр үнэлсэн бол таалагдахгүй байгаа үйлдэл нь иргэдийн амьдралын доройтол, ил гарч ирж ажил хийдэггүй хэмээжээ.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний рейтинг өмнөх сараас нэг хувиар өсөлттэй байх бөгөөд
-Мега төслүүдийг хэрэгжүүлж байгаа
-Стратегийн ордуудын өмчлөлд манлайлсан
-Авлигын эсрэг ажилладаг
-Төмөр замын гэрээг зурсан гэж үнэлсэн бол үнийн өсөлт, татварын дарамтаа өөрчил хэмээн цөөнгүй иргэд санал өгсөн аж.
Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчийн жагсаалтыг мөн л Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нам 21 хувиар тэргүүлж, өмнөх сараас ижил хэмжээнд буюу 1 хувиар тэдний рейтинг нэмэгдсэн бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга -1, Хуульзүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл -6 хувиар тус тус рейтингээ алджээ. Хотын дарга Х.Нямбаатарынх харин тогтмол хэмжээнд буюу өмнөх сараас буураагүй байна.
Тэгвэл "Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрч"-ийн жагсаалтыг хамгийн өндөр хувиар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу тэргүүлсэн бол Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар удаалж байна. Ч.Лодойсамбуугийн тухайд мега төслүүдийг хэрэгжүүлж, уул уурхайн бүлэглэлтэй тэмцэж буй Засгийн газрыг огцруулах санал гаргаж, албан бланк дээрээ гарын үсэг цуглуулсан нь ийнхүү рейтингийг нь унахад нөлөөлсөн бололтой.