Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа авснаасаа хойш анх удаа бүрэн хэмжээний томоохон ярилцлага “Өдрийн сонин”-д өгөхдөө “Залуу Вэнс /АНУ-ын Дэд Ерөнхийлөгч/ шиг галыг өөр дээрээ авч ажиллаж чаддаг хэдэн сайд нар бий. Н.Учрал, О.Алтангэрэл, Ц.Туваан гэх мэтээр нэрлэж болно. Эс үйлдэхүй үзүүлэн чимээгүй суугаа нь ч олон бий” хэмээн танхимын сайд нараа түншээд авсан нь саяхан. Ёстой л бийд нэмэргүй, байхгүйд гарзгүй хэдэн сайд нар энэ танхим дотор сандал бөглөж суугаа нь худлаа биш л дээ.
Монгол Улс уг нь түүхэндээ байхгүй өндөр бүтэц буюу 16 яам хийгээд тухайлсан чиг үүргийн Үндэсний хороог ахалсан дөрөв, хоёр Шадар сайд нийтдээ 22 сайдтайгаар үйл ажиллагаа явуулахаар болсон. Гэвч, Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд даруй жил орчмын хугацаа өнгөрч байхад монголчууд гарын таван хуруунд багтах л сайдынхаа гэгээн дүрийг цэнхэр дэлгэцээр олж харлаа. Хамгийн сүүлд харин Архангай аймгийн “Ара арена”-д 21 сайдынхаа бараа сүрийг нэг л удаа олж харцгаав.
Засгийн газрын хуралдаан болоход өнөөх л Н.Учрал, Б.Жавхлан, Ц.Туваан гурав нэмээд Б.Дэлгэрсайхан, Л.Энх-Амгалан, П.Наранбаяр гурав гарч ирнэ. Замын бүх асуудал Б.Дэлгэрсайханд хамаатай мэт аашилцгаана. Уул уурхайн бүх асуудалд Ц.Туваан л хариулт өгнө. Түгжрэлийн сэдэв нь одоо байтлаа П.Наранбаярын бүр Хотын дарга Х.Нямбаатарын ярих сэдэв рүү ч халтирч байх шиг. Боомтын сайдтай ч энэ сэдэв дээр Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан, Ерөнхий сайд гурав л ээлжилж хариулт өгнө. Энэ сэдвээр лавтай Б.Тулга дуугарсныг нэг жилд лав харсангүй.
Хамгийн хошин нь өнгөрсөн Засгийн газрын үед энэ улсад хамгийн эрэлттэй ганц сайд байсан нь Түгжрэлийн асуудал эрхэлсэн үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар байсан юм. Шүүрэн шанага шиг болтлоо тэр гөвшүүлсэн дээ. Гэтэл одоо энэ хэл амтай, хэрүүл тэмцэлтэй албыг эрхэлж байгаа Р.Эрдэнэбүрэн гэдэг сайдыг та бүхэн энэ нэг жилд олж хараагүй гэдэгт мөрийцсөн ч болж байна. Улаанбаатарчууд харин зам дээрээ амьдарсаар л...
Аргаа барахдаа Ерөнхий сайд жагсаалтынхаа нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Г.Лувсанжамц гишүүнийг “Энэ асуудлыг УИХ дээр хариуцаач” хэмээн санал тавьсны дагуу ИТХ-ын ээлжит хуралдаанд очиж танилцуулга өгөөд сууж байна, гишүүн нь. Гэтэл зүй нь бол Р.Эрдэнэбүрэн гэгч сайд маань эрхэлсэн хорооныхоо асуудлыг ИТХ-д танилцуулаад, ирэх дөрвөн жилд юу хийх вэ гэдгээ танилцуулаад, сайн муугаараа дуудуулсан ч галтай сэдвээр шийдвэр гаргаад сууж байх ёстойсон. Гэтэл эрхэм сайдыг эрэн сурвалжлаад ч олдоогүй тухай яриа чих дэлсэв.
Дараагийн эрэн сурвалжлах сайд бол Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр гэгч. Малчин түмэн энэ өвөлжингөө цагийн хайруу, цасны зузаантай тулалдаж, хэдэн малаа энх тунх авч үлдэхийн төлөөх тулаанд “дайтав”. Хаврын хавсаргатай зэрэгцэн ноолуурын үнэ унаж, таван төгрөгөө ч олж чадахгүй нөхцөл байдал тэднийг угтан авч байна. Зүүн аймгуудад ердөө 130 мянга хүрч, баруун таван аймгийнхан 80 мянга ч хүргэж чадахгүй үгээ хэлж, үсээ зулгааж, салбарын сайдыгаа эрэн сурвалжилж эхэлцгээлээ.
Нэмээд импортын гурилын асуудал өвөлжингөө хэрүүлийн алим дэгдээж, дотоодын үйлдвэрлэгчид хаалгаа барихад хүрсэн тухай хэрүүлтэй өвөлжлөө. Гэтэл манай сайд таг чиг. Өөрийнхөө хөдөө аж ахуйн бизнес буюу үхрийн фермийн бизнес рүүгээ яамаа нүүлгэж аваад явснаас хойш Ж.Энхбаяр гэдэг сайдтай гэдгээ улс даяараа мартлаа. Саяхнаас хэлд орох гэж хичээсэн ч ноолуурын үнэ хэд байгааг мэдэхгүй сууж буйгаа шившигтэйгээр дэлгэв, тэр. Газар тариалангийн улиралд хаяанд ирсэн энэ цагт энэ салбарт лавтай гялтайх сайн зүйл дуулдана гэдэг итгэл төрөхгүй байгааг нуух юун.
Дээр дооргүй улс орноороо хямралын тухай ярьж, нүүрсний үнийн уналт, хөрш орнуудын дайн байлдаан гээд амаргүй цаг үе байхад нэвтрүүлэг хөтөлсөн шигээ нэг л их жаргалтай амьдарч байгаа сайд бол Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт.
Энэ хүнд ер нь улс орны геополитикийн нөхцөл байдал, хөрш орнуудын амаргүй цаг үе, дотоодын энэ олон үймээн самуун огтоос хамаагүй байх шүү. Гагцхүү ирэх сонгуульдаа хэрхэн гоё харагдах буюу шинэхэн тойргоо тойглох л чухал байгаа. Бас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нууцхан мөрөөдлөө хэвлэлээр шидээд байгаа бололтой юм аа. Энхийг сахиулагчидтайгаа гоё сэлфи, рээл хийсэн шигээ сэтгүүлчийн ажил мэргэжлээс булаалдангаа тунчиг завтай амьдарч яваа. Батлан хамгаалахын салбар гэдэг улсын амин сүнс болсон салбар ч гэлээ манай сайдад харин подкаст хийж, ярилцлага хийх нь л таалагдаад байгаа юм билээ.
Дараагийн эрэн сурвалжлах сайд бол Хяналт үнэлгээний үндэсний хорооны сайд Э.Одбаяр. АН-ын генсекээр ажилласан богинохон хугацаанд арай ч ийм байгаагүй юм, тэр. Үеийнх нь залуу сайд нар "шүгэл үлээж", галтай сэдвүүдийг ар араас нь шүүрч аваад, том жижиг улстөрчдийн овоо хараанд өртөнгөө Төрийн ордонд бужигнуулж байхад эрхэм сайд харин энэ нэг жилийн хугацаанд Тайланд явж тансагласнаас өөрөөр гавьяа байгуулсангүй ээ.
Салбар нь харин уналтад бүрмөсөн орсон. Товчхондоо, хяналт үнэлгээ гэдэг бол маш чухал. Хуучнаар мэргэжлийн хяналт, шударга өрсөлдөөн гэх мэт хэрэглэгчийн эрх ашгийн төлөө Э.Одбаяр дарга чөмгөө дундартал зүтгэх учиртай юм. Гэвч энэ салбар уналтад орсныг хүнсний аюулгүй байдал аюулын харанга дэлдэх болсон жишээнээс харж болно. Ердөө хэдхэн өдрийн дотор уул уурхайн гурван кэмпийн ажилчид хоолны хордлогод орж, сургуулийн хүүхдүүд ч ар араасаа хордлогод орж байна. Хүнсний хяналт гэдэг зүйл үндсэндээ алдагдсан учраас энэ салбарт ямар ч хяналт байхгүй болсон учраас амь, амиа бодож амьдрах сонголт л бидэнд ирсэн шүү.
Өмнө хэлсэнчлэн, Монгол Улс гурвын гурван Шадар сайдтай. Гэхдээ "Хэлдэг гурав хийдэг ганц" гэдэг шиг эдийн засгийн асуудлаар, мега төслүүдийн сэдвээр Лу.Гантөмөр гэж ганцхан сайд л дуугарч байна. Намынхандаа ад үзэгдэж, сайн муугаараа дуудуулсан ч улс орноо хөгжүүлэх ёстой гэдэг эрх ашгийн төлөө шүү хэмээн ярьж явна.
Гэтэл ХҮН-аас төлөөлж суусан Т.Доржханд Шадар сайдыгаа бид Баяраа, Найдалаа хоёрын зодооны үеэр нэг харцгаалаа. Тэрбумын хандивын дуулианаар хоёр дахь удаагаа олж үзлээ. Монгол Улсын Шадар сайд маань “Баяраа өөрөө ширээнээс уначихсан юм билээ”, “Тэрбум бол жулдана шүү, бидэнд” гэсэн алдарт хоёр мэдэгдлээ хийгээд ичээндээ орсон доо.
Нунжирсан урт илтгэл, нээх их гоёл чимэглэлтэй уулзалт, форумаараа алдаршсан Шадар сайд С.Амарсайханы шүүсийг шахаад ч юм гарахаа больж. Өөрийнх нь эрхлэх асуудлын хүрээнд байгаа онцгой байдлын алба хаагчдынхаа хангамжийг ч олигтой шийдүүлж чадахгүй атлаа “Шинэ хөдөө”, "Бүсчилсэн хөгжлийн төв” гээд ямар олон сэтрийг тэр зүүгээ вэ.
Гэхдээ стандартгүй хотод стандарт мөрдүүлэх гэж хичээж яваа урмыг нь бодоод ч болтугай форумуудаас нь үр дүн гараасай хэмээн цугтаа залбирч сууцгаая. Ерөөс энэ танхимын талаас илүү нь байгаад ч нэмэргүй, байхгүй бол бараг л гарзгүй сайд нар байна.
Тэр тусмаа АН-аас томилогдсон сайд нараас ард түмэн эрч хүч, илүү их амбийц, энэ улсын төлөө хамтраад зүтгэх “зоригийг” хүлээж байсан ч сүнс нь тонилсон сүг аятай л сүүдэгнэж явцгаах нь эмгэнэлтэй. Орон сууцны ипотекийн зээл зогсонги байдалд орж, зээлээ бүтээхийн тулд авлига өгдөг, 2-3 жил хүлээгддэг ийм тогтолцоог өөрчлөх талаар Ж.Батсуурь сайдын хийж буй нэг ч үг, үйлдэл алга. Сүхбаатар гэж сүйрсэн аймгийг босгож явахдаа ч ийм сулбагар, үлбэгэр байгаагүй юм, энэ хүн.
ХҮН-ын сайд нар шиг хөх нүдээрээ ч болтугай алдаршдаггүй юм гэхэд О.Алтангэрэл шигээ сэдвийн зодоон дунд нүдүүлж, Н.Учрал шиг том улстөрчидтэй “алалцаж”, Ц.Туваан шиг мэдэхгүй ч мэддэг юм шиг яриад ч болтугай танигдахсан сайд нар аа. Залуу Вэнс шиг галыг өөр дээрээ авдаггүй юм гэхэд зарим сайд нар шиг подкаст ч болтугай хөтлөөд гарч ирцгээ, тэгэх үү. Ядахдаа л Эрүүл мэндийн сайд шигээ гоё бөмбөг залж, гоё машинаас бууж рээл ч болтугай хийгээсэй.