ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Золжаргал: Биржийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих боломжгүй

O.Admin
1 өдрийн өмнө

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, “УИХ-д уг хуулийн төслийг яаралтай горимоор оруулж ирж хэлэлцүүлж байна. Үг хэлэх боломж чуулганд олдохгүй байгаа учраас энэ салбарт олон жил ажилласан хүний хувьд ард түмэнд үгээ хэлье гэж бодлоо. Хэд хэдэн маш ноцтой зүйл заалтууд энэ хуульд байна.

-Нэгдүгээрт, Төрийн өмчит компаниуд томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор бүтээгдэхүүн солилцох гэрээ байгуулж болно гэжээ. Янз бүрийн төслүүдээ улс орны эдийн засагт хэрэгтэй учраас бүтээгдэхүүн солилцож болно гэдэг заалтыг хаа, хамаагүй биржийн хууль руу оруулж ирлээ. Оффтейк гэрээ гэсэн үг шүү дээ.

-Хоёрдугаарт, төмөр замын хил дамнасан байгуулалтыг дагаад нүүрс хямдруулсан урт хугацааны гэрээ байгуулагдсан. Одоо гэрээг компани хооронд ажиллаж байгаа. Одоо гэрээнд шууд гэрээ байгуулж болно гэсэн ч үнийг нь биржээр тогтооно гэчихсэн. Тэр заалтыг байхгүй болгох гэж гол санаа оруулж ирсэн ч түүнийхээ ард үнийн индекс тусгачихаж. Хил дээр овоорсон хэдэн сая тонн нүүрсийг хямдруулж өгөх. Олон зуун сая ам.долларын борлуулалт хийсэн худалдааны компаниудын лобби шиг сонин заалт. Нэг их наядын нүүрс худалдаж аваад түүнийгээ хил дээр гацаасны төлбөрийг бид яахаараа төлдөг юм. Үнийн индекс уначихаар “Өө уначихлаа” гээд дахиж тооцох ийм зүйл байж болохгүй.

-Гуравдугаарт, тээврийг худалдан авагч тал хариуцна гэжээ. Нүүрс нь нүүрсээ заръя, тээвэр нь тээврээ хийе гэж гоё харагдаж байгаа ч монголын компаниуд нүүрсээ зарна, тээвэрлэлтийг хятад компаниуд хийнэ гэсэн үг. Үйлчилгээний салбарын хамгийн том алдагдал нь тээвэр байдаг. Транзит дандаа гадных, нүүрс тээвэр гадных болоод ирвэл юу болох вэ. Хил нөхцөл дээр хүргэнэ, тэгж нүүрсээ өгнө гэдэг чинь болохгүй асуудал.

-Дөрөвдүгээрт, дөрвөн том оффтейк гэрээ, нэмээд “Чайна Энержи”-тэй хил дамнасан төмөр зам байгуулах гэрээ байгууллаа. Төмөр зам байгуулах нь маш сайн зүйл ч гэлээ Эрдэнэс Тавантолгойн хамаг сайн коксжих нүүрсийг авна. Ингэхээр биржээр сайн чанарын нүүрс зарагдахгүй. Ингэхээр бирж явахгүй байгаа биз манай шууд гэрээ сайн гэж ярих юм гэнэ. Өөрсдөө биржээ унагачихаад бирж ажиллахгүй байна гэж юм яриад байх юм.

Товчхондоо, “БНХАУ-тай хил дамнасан төмөр зам байгуулахын тулд түүний санхүүжилтийг олохын тулд Биржийн хуульд байсан саадыг арилгах байсан ч дагуулаад дэвэн дэлхийн юм оруулж ирлээ. Төрийн өмчийн компани мега төсөл хэрэгжүүлэхийн тулд бүтээгдэхүүн солилцох гэрээ байгуулна ч гэх шиг. Тиймээс энэ хуулийн төслийг буцаах саналтай байна” гэлээ.