Лхагва гарагт шөнөжин хуралдсан МАН-ын Бага хурлаас “АН-ын найман сайдыг л хөөчихье” гэдэг шийдвэр гаргаснаас хойш тодорхойгүй байдал Төрийн ордонд үргэлжилж, Ерөнхий сайд ажлаа өгөх үү, эсвэл суудалдаа үлдэх юм уу гэдэг нь хариултгүй сэдэв болон хүлээгдсээр.
Угтаа намын даргынхаа орлогыг нотлох асуудлаар хуралдсан гэх МАН-ынхан энэ бүхэнд АН буруутай гэсэн шийдвэр гаргасныг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж егөөдөж “Намынхаа бүх сайд нараас асуулаа. Та нар Ерөнхий сайдын бэрд цүнх авч өгсөн юм уу гэсэн чинь үгүй гэж байна лээ” хэмээн даапаалах билээ.
Өнгөрөгч баасан гарагт “Ерөнхий сайд өргөдлөө өөрөө өгөх нь ээ. Засгийн газрынхаа сүүлийн хуралдааныг хийж, Засгийн газраа тараах асуудлаа УИХ-ын чуулганд танилцуулах юм байна” гэсэн бор шувуу ниссэн ч ажин түжин байсаар ажлын тав хоног дууслаа. Харин пүрэв гарагийн үүр цүүрээс эхлэн дараагийн Ерөнхий сайдын суудал мөрөөдөгсөд цахим сүлжээнд өөрсдийнхөө нэрийг явуулж, Төрийн ордонд гишүүн асан Ж.Мөнхбатын хэлсэнчлэн гурав, дөрөвдүгээр араандаа хийн хурдаа аваад “жороолцгоож” байна.
Албан тушаалын сураг гарахаар л араандаа хийгээд хурдаа авчихдаг МАН-ын хууччуул “Намайг Ерөнхий сайд болно гэж бичээдэх. Сошиал сүлжээнд жаахан өргөөдөх” хэмээн захиалга өгөн бичүүлж буй ч сэтгүүлчдийн өмнө гарахаараа “Надад тийм ёсзүй алга. Танхим хэвийн ажиллаж байна. Нэр дэвшинэ гэсэн мэдээлэл ташаа” гэх мэтээр дүр эсгэх нь хорлонтой. Гэсэн ч нэрс нь яригдсан Б.Жавхлан, Я.Содбаатар, Г.Занданшатар, Н.Учрал, Ж.Энхбаяр, С.Амарсайхан нар бүгд л санаархаж буй нь ойлгомжтой бөгөөд өнгөрөгч баасан гарагт лавтай хэн нь ч чуулганы хуралдаа суусангүй. Аргаа барсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Манай хоёр, гурав сонгогдсон гишүүд яг хаашаа алга болцгоочихов оо. Танхимд тогтохгүй болчих юм” хэмээн ёжлоод авна билээ.
Д.Амарбаясгалангийн тухайд нэр нь хамгийн эхэнд яригдсан ч “Би хамтарсан Засгийн газрын үйл хэргийг дэмжиж байна. Найзыгаа ар хударгаар хутгалж албанд нь очдог хүн би биш. Парламентын төгөлдөршлөө явуулна” хэмээн мэдэгдэл хийснээр тоглоомын гадуур гэдгээ тодорхой хэлчихэв. Тэгвэл Ерөнхий сайдын суудалд яригдаж буй хүмүүс өнгөрсөн өдрүүдэд ямар байр суурь илэрхийлснийг сонирхоцгооё.
Дөрөв нь санаархлаа үгүйсгэж, хоёр нь ил гарахыг хүссэнгүй
Тодорхойгүй байдал удаан үргэлжлэхийн хэрээр таамаг ярианууд ч сошиал орчинд эрчээ авч байна. Худал хуурмаг уу, эсвэл жинхэнэ үү гэдгийг мэдэх аргагүй таамгуудыг ар, араас нь бичиж, бусдын нэр хүндэд ч увайгүйгээр халдаж буй үйлдэл гарсаар байгаа. Тухайлбал, твиттер орчинд “Ерөнхий сайд “Би ажлаа өгнө. Гэхдээ Хотын дарга Х.Нямбаатарт өгнө. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хэргийг дарж өг” гэсэн шахалт Ерөнхийлөгчид үзүүлсэн байна” гэх мэдээлэл өнгөрөгч амралтын өдөр цацагдлаа. Үүнд Хотын дарга Х.Нямбаатар “Тэр, энэ Ерөнхий сайд болно гэж олон түмнийг төөрөгдүүлэхээ больчихмоор юм. Надад тийм бодол санаа алга. Нийслэлд эхлүүлсэн ажлынхаа үр дүнг харчих санаатай ажиллаж байна” хэмээн тайлбар өгснөөр энэхүү мэдээлэл худал болох нь батлагдав.
Өнгөрөгч пүрэв гарагаас эхлэн “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилж, дараачийн удаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр бэлджээ” гэх мэдээлэл цацагдсан. Энэ асуултад Г.Занданшатар тухайлсан хариулт өгөөгүй ч УИХ-ын чуулганы босгоор алхаж чадаагүй хүнд Гүйцэтгэх засаглалыг даатгаж гэмээн олон хүний санаа зовниж буй “засаглалын хямрал” гэдэг нь жинхэнэ утгаар эхлэх учиртай. Тиймээс ч энэхүү таамаг үгүйсгэгдэж, эсрэгээрээ Монголбанк руу очих томилгоо яригдсан гэх мэдээлэл цацагдав.
Тэгвэл нэгдүгээрт Засгийн газрын гал тогоог барьж, мега төслүүдийг барьж авснаараа, хоёрдугаарт НАМЗХ-гоор сүжирсэн, гуравдугаарт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй нэг нутаг гэдгээрээ Н.Учрал энэ албанд очих уу гэсэн асуулт гарч ирсэн ч “Засгийн газрыг унагах галыг өрдсөн улстөрч” гэх мэдээлэл цацагдсаны дараа Н.Учрал ч сэтгүүлчдэд “Л.Оюун-Эрдэний Засгийн газар одоо ч ажлаа хийж байна. Хүндэтгэлтэй хандана уу. Танхимд нь ажиллаж буй сайдын хувиар тийм, ийм гэж тайлбар хэлэх боломжгүй. Тийм ёсзүй ч надад байхгүй” хэмээв. “Би өрсөлдөхгүй” гэж шууд мэдэгдэл хийгээгүй учраас түүний нэр яригдаж буй, тэр ч санаатай гэдэг нь тодорхой гэсэн үг.
Харин Ерөнхийлөгчийн дараагийн “хөзөр” хэмээгдэж байсан Б.Жавхлан “Ерөнхий сайд ажил албаа хийж байна. Би дараагийн албан тушаал ярьдаг ёсзүйгүй хүн биш. Энэ асуудалд намайг битгий хутга. Цаашид Засгийн газраа бүх талаар дэмжиж ажиллана” гэчихэв. Ингэснээр хамаатны дүүгээ сойж байгаа юу гэх таамаг үгүйсгэгдэж буй ч эр хүний дотор эмээлтэй хазаартай морь гэгчээр улстөрчид хэлсэн, ярьснаасаа хэдэн ч удаа эргэж буцдагийг нуух юун. Дараагийн Т.Бадамжунай буюу МАН-ын бүх томилгоог хөшигний араас удирдаж буй Я.Содбаатар мөн Ерөнхий сайдын хувилбарт яригдсан.
Гэвч, өөрийнхөө албан ёсны хаягаар “Хэвлэл мэдээлэл, сошиал орчинд намайг Ерөнхий сайдаар томилогдох гэж буй мэт мэдээллүүд олноор цацагдлаа. Худал цуурхал бүтэн өдөржин тархаж, элдвээр гүтгэн бужигналаа. Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй. Мөн надад ийм амбиц байхгүй гэдгийг хэлье” хэмээчихэв. Ингээд С.Амарсайхан, Ж.Энхбаяр нар л одоогийн байдлаар амаа хамхиж, гурав, дөрөвдүгээр араандаа хийчихээд жирийсэн хэвээр байна.
АН-аас мэдэгдэл гаргахтай зэрэгцэн Л.Оюун-Эрдэнэ суудлаа хадгалах уу гэх мессеж явав
МАН-ын хоёр том улстөрчийн тулаан хэрвээ Засгийн газраа тонгорчихгүй намжвал хамгийн их хохирох хүмүүс нь АН-ынхан. Тиймдээ ч намын даргаасаа эхлээд “МАН-ын залуу үе ах нараасаа өөр байж чадсангүй” хэмээн тунирхлын үг дайж, нэр төрийг маань сэргээж өг хэмээн мэдэгдэл хүртэл гаргав. Тодруулбал, АН-аас гаргасан мэдэгдэлд “АН хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн гэж гүжирдэн, манай намын нэр хүндэд халдсан мэдэгдэл, тайлбар тарааж буй үйлдлээ нэн даруй зогсооно уу. АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргасан тайлбар, албан ёсны дүгнэлтээ нэн даруй ирүүлнэ үү. Гүжир мэдэгдлээ зогсоож, албан ёсоор уучлалт гуйна уу. Хамтарсан Засгийн газрын эхлүүлсэн ажлыг зогсоохгүй явуулна уу. Үгүй бол дараагийн улс төрийн алхам хийх болно” хэмээв. Товчхондоо, бид гудамжинд гарсан шиг гарч чадна шүү гэсэн сүрдүүлэг хийчихлээ гэж хэлж болно.
АН-ын дөрвөн үндэслэл бүхий дараах албан бичгээс анхаарал татаж буй өгүүлбэр нь “Хамтарсан Засгийн газрын эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлж, төрийн залгамж халааг хангах” гэсэн өгүүлбэр. Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын “Дараагийн Ерөнхий сайдын албан тушаал хаана ч яригдаагүй” гэх мэдэгдэл зэргээс ажвал Засгийн газрын тэргүүнийг өөрчлөхгүйгээр цаашаа явах хувилбар яригдсан байж магадгүй байгаа юм.
“Таавчигтай” ээжээс бол нэгхэн өдрийн дотор Засгийн газраа унагаж байсан МАН-ынханд цүнхээс болж нэг сайдын суудлыг хоослох нь тун амархан. Гэвч Бага хурлаас хойш дөрөв хоногийн хугацаа өнгөрчихөөд байхад сошиалаар л хоосон таамаг өрнөх төдийхөн асуудлаа хав дарж байна гэхээр тохироонд хүрэх болоогүй байна гэсэн үг. Юутай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний тухайд зарим асуудалд буулт хийж, зарим зүйл дээр тохироонд хүрч, УИХ-ын гишүүдээ хайрцаглаж чадвал Ерөнхий сайдын суудалтайгаа үлдэх сүүлийн боломжит хувилбараа ашиглах уу хэмээн хардаж болох нь ээ.
Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ руу оруулж ирэх учиртай. Энэ тохиолдолд 126-гийн олонхи нь үргэлжлүүлэн ажиллах ёстой буюу Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шаардлагагүй гэж кнопдвол боломж үүсэж мэднэ. Ерөнхийлөгчийн засаглал хүссэн нутгийн ах, баялгаа өгөхгүй гэсэн бүлэглэлийн эсрэг зогсох хүч нь түүний өнгөрсөн парламентаар бий болгож чадсан 126 хүний хүч хэмээн найдаж буй учраас өнгөрөгч өдрүүдэд хугацаа хожиж байна уу хэмээн хардах үндэслэл болж буй юм.
Мөн түүний хүү О.Тэмүүлэн АТГ-т өнгөрсөн бямба гарагт очиж орлогоо нотолсон бөгөөд АТГ-ын даваа гарагт өгөх мэдэгдэл ч энэ бүх асуултын хариулт болох учиртай. Угтаа, Ерөнхий сайдын хүүгийн орлого хууль ёсных гэж нотлогдвол огцруулах тухай асуудал хаана ч яригдахгүй гэсэн генсекийн мэдэгдэл илүү хүчтэй сонсогдох нь ээ.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин