ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хувийн бизнестэй анхаарч явсан Б.Чойжилсүрэн хариуцлагаас зугтахаар улайрав уу

O.Admin
1 өдрийн өмнө

Монголчууд цугаар албан тушаалын томилгоо, сандал суудалд анхаарлаа хандуулан талцаж хэрэлдэж байсан өнгөрсөн өдрүүдэд “ДЦС-III”-т том хэмжээний дэлбэрэлт үүсэж, 100 сая ам.долларын хохирол учирч, ид хийж бүтээж явсан инженер залуу амиа алдчихав. Гэтэл хэн ч үүнийг ярьсангүй.

Эрчим хүчний салбар үндсэндээ арван жилээр ухарч, ирэх өвөл монголчууд цугаар хөлдөж үхэх эрсдлийн өмнө ирчихээд байхад л салбар хариуцсан сайд нь “Надад ямар хамаатай юм. Наадхаа тэр Н.Учралаас асуу” хэмээн "мэдрэлтэж" суух жишээтэй. Бод доо. Монгол Улсын эрчим хүчний салбарыг энэ хүн нэр төртэй, хийсэн ажилтай удирдаж явна гэж амлалт өгөөд сайд болсон. Гэтэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Хөлдөх үхнэ үү. Хөлдөхгүй өвөлжинө үү надад хамаагүй” гэсэн хөндий хүйтэн сэтгэлээр хандаж, өөрийнхөө амин хувийн бизнест л анхаарсан нь үнэн.

Сураг дуулах нь ээ, Улаанбаатар хотыг тэр чигээр нь цементэн ширэнгэ болгож, хотын хамаг л өнгөтэй өөдтэй газарт өөрийн барилгаа босгож буй энэ хүн хувьдаа дулааны цахилгаан станц барьж буй гэх. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр тал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, "Улаанбаатар палас"-ын газар, Нарны гүүр, Нисэх гарден, Новотел гээд түүний босгосон цементэн ширэнгийн тоо энэ хотод замбараагаа алдсан. Тиймдээ ч өөрийнхөө барилгуудыг эрчим хүчээр хангах нь түүнд улсын ажлаас ч чухал байж. Тиймдээ ч эрчим хүч хамгийн ашигтай бизнес гэдгийг олж харчихсан учраас л эрчим хүчний том төслүүдийг урагшлуулах бус эсрэгээрээ өөрийнхөө бизнест анхаарч, өөрийнхөө босгосон байруудыг цахилгаанд холбохын тулд эрчим хүчний үнэ нэмэхээс өөр аргагүй, ирэх өвөл хөлдөхгүйн тулд үнээ нэмцгээе хэмээн уулгамчилж давхихаас өөрийг тэр хийгээгүй нь үнэн.

Гэтэл хариуцсан салбарт нь маш том осол гарч, ирэх өвөл монголчууд жинхнээсээ хөлдөх эрсдэл бий болчихсон энэ цагт “Хариуцлагыг надаас биш Г.Амартүвшин, Н.Учрал хоёроос ч бас нэх. Би хариуцлагаа гэхдээ хүлээнэ” хэмээн гүлдийж зогсох нь юуных вэ. Тэгвэл Засгийн газрын гал тогоог базаж байгаа хүн яаж яваад Б.Чойжилсүрэнгийн хариуцсан салбарын буруутан болсныг дор сийрүүлье.

Б.Чойжилсүрэн, Г.Амартүвшин хоёрын “саалийн үнээ”-гээ булаалдсан түүх

Ямар ч хамааралгүй атлаа гарсан ослын буруутан болчихоод буй ЗГХЭГ-ын дарга Н.Учралын тухайд Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын бүтээмж, засаглалын ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийг боловсруулсан хүн. Тэр хуулийн хүрээнд ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг нэгтгэж, менежментийн цоо шинэ тогтолцоо хэрэгжүүлэхээр Засгийн газраас гуравдугаар сарын 19-нд шийдвэр гаргаж, уул уурхайн компаниудыг “Эрдэнэс Монгол”, уул уурхайн бус компаниудыг “Эрчис Монгол” руу нэгтгэх тогтоолыг гаргаад байв.

Гэхдээ энэ албажаагүй зөвхөн цаасан дээр байгаа шийдвэр. “Эрчис Монгол” компани дөнгөж байгуулагдаад сар гаруйн хугацаа өнгөрч, бүтэц орон тоогоо зурж буй шинэхэн компани. Тус компанийн мэдэлд эрчим хүчний салбарт байгаа төрийн өмчит компаниуд бүгд очих ёстой юм билээ. Гэтэл төрийн мөнгө, төсвийн мөнгийг хамгийн үр ашиггүй зарцуулж, ТУЗ-аараа нэгдэж нийлэн хөрөнгө завших боломжтой тэрхүү “саалийн үнээ”-гээ өгөхгүй хэмээн эрх ашгийн зөрчил үүсгэж давхисан хүн нь Б.Чойжилсүрэн өөрөө.

Товчхондоо, “Эрчис Монгол”-ын захирал Г.Амартүвшинд эдгээр төрийн өмчит компаниудыг шилжүүлэн авах, төсөв санхүүг захиран зарцуулах эрх үүссэн болохоос хуулийн төсөл боловсруулж, Засгийн газраас гаргасан тогтоолыг хэрэгжүүлээрэй гэж үүрэг өгсөн Н.Учрал сайдад энэ асуудал бүр ямар ч хамааралгүй гэсэн үг л дээ.

Гэтэл менежментийн эрхийг авна гэснээрээ, түүнийг баталж өгснөөрөө “Н.Учрал хариуцлага хүлээ” гэж зогсож буй энэ хүнд ичих булчирхай байтугай эгэл нэг инженер амиа алдсанд харамсах сэтгэл ч алга. “ДЦС-III” ТӨХК-ийн менежментийг шилжүүлж аваагүй байхад “Шилжүүлж авна гэсэн. Ойлгомжгүй байдал манай салбарт үүсгэсэн. ТУЗ хуралдаж чадахгүй байна” хэмээн гоншигонож, биднээс "саалийн үнээ"-г маань булаана гэснээрээ та нар хариуцлага хүлээ хэмээн бухаж зогсох нь ичгэвтэр биш гэж үү. Төр ямар ч шийдвэр гаргаж болно. Гэлээ гэхдээ эцсээ хүртэл төрийн ажил залгамж халаатай, зарчмаараа явах ёстой. Дарга, сайд солигддог ч ажил явдгаараа явах ёстой. Төрийн шийдвэр албажиж, албан ёсоор хүлээлгэн өгөх хүртлээ тэр хүн эрхэлсэн салбартаа эзний сэтгэлээр хандах учиртай бус уу. Гэтэл "Биднээс булаасан учраас би биш булаана гэсэн хүмүүс нь хариуцлага хүлээ" хэмээн зогсож байна гэдэг нь түүнийг ямархан увайгүй, арчаагүй, амин хувийн эрх ашигт хүлэгдсэн улстөрч болохыг хэлээд өгч байгаа юм.

Огцорсон сайд хариуцлага хүлээх нэрийдлээр асуудлаас бултах уу

Эрдэнэт хүний амь хохирч, эрчим хүчний салбарт ухралт ирж, ирэх өвөл улсаараа хөлдөж мэдэх эрсдэлээс гадна хэдэн зуун сая ам.долларын хохирол учирсан энэ хэргийг хэрхэвч хэн нэгэн рүү бухаад өнгөрч болохгүй. “Хариуцлагаас зугтаад байгаа юм алга. Гэхдээ менежментийн эрх надад ирээгүй” хэмээж зогсоо Г.Амартүвшин үү, “ирэх өвөл тогтой, тогггүй байхыг дараагийн сайд мэднэ. Би хариуцлага хүлээнэ” хэмээн зогсоо огцорсон сайд Б.Чойжилсүрэн үү.

Хэн нь байлаа ч төрийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж чадахгүй хугацаа алдаж, тодорхойгүй байдал үүсгэснийхээ хариуцлагыг аль нэг нь хүлээх учиртай. Гэхдээ Г.Амартүвшин даргын тухайд менежментийн шинэчлэл хийнэ, шилжүүлж авна гэдгээ Эрчим хүчний яаманд танилцуулаад гарснаас биш төсөвт нь хязгаар тавиад, зарцуулах эрхийг нь хасаад, хянаад байсан зүйл байхгүй юм билээ. Төсвөө захиран зарцуулах эрх нь Б.Чойжилсүрэн болон ТӨХК-иудын ТУЗ-д хэвээр байсан гэсэн үг.

Гэтэл тэд төрийн энэ шийдвэрийг хэрхэн үр дүнгүй болгох вэ, саалийн үнээ болсон компаниудаа Эрчим хүчний яамандаа яаж авч үлдэх вэ гэдэг амин хувийн эрх ашигт анхаарч, хувьсгалын ажлаа үл тоосноос болж осол болсон нь үнэн учраас Б.Чойжилсүрэн болон “ДЦС-III”-ийн удирдлагууд хамтдаа хариуцлагаа үүрэх ёстой. Хариуцлага үүрнэ гэдэг нь сайдын суудлаа өгөх биш юм. Тэртэй, тэргүй огцорч буй сайдад ямар юмных нь суудал байх билээ.

Учирсан хохирлыг бүрэн зөв тогтоож, хяналт шалгалт хийж, удирдлага, менежментийн алдаа завхрал үүссэн бол учирсан хохирлыг эргэн төлүүлж, шаардлагатай гэвэл шүүхээр хянахад ч буруугүй. Ерөөс эрчим хүчний салбар “Цахилгааны үнэ нэмээгүйгээс бид алдагдалтай ажиллаж байна” гэсэн ганцхан өгүүлбэрээр энэ олон жил алдагдлаа хаацайлж ирсэн. Гэтэл эрчим хүчний салбарын ТӨХК-иуд 3.5 их наядын орлоготой атлаа жилд ердөө 75-хан тэрбумын ашигтай ажилладаг гэхээр арай хэтэрсэн дүн мэдээ биз дээ.

Тиймдээ ч менежментийг шилжүүлэх ёстой гэж Засгийн газар үзсэн нь туйлын зөв. Гэтэл тэд үүнийгээ өгөхгүй хэмээн булаалдаж, ил далдаар нэгнээ хэмлэж явсаар ийм хариуцлагагүй асуудал үүсгэх нь тэр. Хотын хамаг л өнгөтэй өөдтэй газарт “Хурд” хийгээд түүний охин компаниудаар дамжуулан барилга барьж, түүнийгээ хэрхэн эрчим хүчинд холбох вэ хэмээн санааширч, эрчим хүчний салбарын хөгжлийн төлөө биш өөрийнхөө бизнесийг барьж, босгоход анхаарч явсан сайдаа хуулийн өмнө дуудаж, хариуцлага ярих цаг нь болжээ.