УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг чөлөөлсөнтэй холбогдуулан МАН-ын дарга, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө албан тушаалд Хотын дарга Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэхээр тохироо хийжээ гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар “Нэгэнт Их хурлын шийдвэр гарчихсан.
Би түүнд комент хэлэх эрх байхгүй. Монгол Улсын Ерөнхий сайд шинэ Үндсэн хуулийн үйлчлэлээр өөртөө итгэл үзүүлэх асуудлаар санал хураалгасан. Өчигдрөөс үүрэг гүйцэтгэгчийн статустай болсон. Энэ амралтын өдөр юм уу, дараагийн даваа гарагт намын Бага хурал хуралдаж, дүрэмд заасны дагуу дараагийн Шинэ Ерөнхий сайдыг тодруулах байх.
Ерөнхий сайдад нэр дэвших бодол байхгүй. Нийслэлийн иргэдийн өмнө хүлээсэн үүрэг, мөрийн хөтөлбөр бий. Хийх ажил их байна. НИТХ-ын сонгуульд багаа ахалж орж, мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн хүний хувьд урдах ажлаа хийнэ. Өчигдөр төрсөн өдөр гээд пиджак өмссөн чинь даргын суудалд санаархаж байна гээд шүүмжлээд байхаар нь өнөөдөр ажлынхаа саарал хувцсыг өмсчихлөө. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг Засгийн газарт өргөн бариад, одоо Яармаг руугаа явж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал Ж.Энхжаргалангийн тухайд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Би түүнийг маш сайн ажлаа хийсэн гэж дүгнэнэ. Хэзээ байтлаа Төв цэнгэлдэх хүрээлэн дотроо бие засах газартай байлаа даа. Энэ бүгдийг шийдсэн” хэмээн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.