Төрийн ордонд болж буй Халзан бүрэгтэй төслийн хяналтын сонсголын үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Бодлого, төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр газрын ховор элемент болон улс орнуудын нөөцийн талаарх албан мэдээллийг өгөв.
Тэрбээр, “Газрын ховор элемент гэдэг нь лантоноидын бүлгийн 15 элемент, нэмээд химийн шинж чанараар төстэй индрий, скандий гэх хоёр элемент нэмэгдээд 17 элемент юм. Түүн дотроо 57-64 хүртэл хөнгөн, 65-71 хүртэл хүнд гэж хуваадаг. Газрын ховор элементийг нарны зайн хураагуур, салхин сэнс, баттерей, шилэн кабель, хабрид машины бүрэлдэхүүн, ухаалаг тоног төхөөрөмж, дэлгэц хийхэд гол түүхий эд болдог.
Дэлхий дахинд газрын ховор элементийн тогтоогдсон нөөц нь 121.1 сая тонн байдаг бөгөөд нөөцөөрөө БНХАУ /38 хувь/, Вьетнам /19 хувь/, Бразил /18 хувь/, Энэтхэг /6 хувь/, Австрали /49 хувь/, ОХУ /3.3 хувь/, АНУ, Грийнландын арлууд ар, араасаа жагсдаг бол БНХАУ, АНУ, Мьянмар, Австрали, Тайланд улс олборлолтоор тэргүүлдэг. Монгол Улс харин 2.7 хувийг эзэлдэг.
Газрын ховор элемент нь түгээмэл тархацтай бус, тухайн орд дээрээ ч сарниу байдлаар оршдог. Дэлхий дахинд хамгийн их эрэлт үүсгэж буй, нийлүүлэлт ихэссэн байгаа” гэлээ. Газрын ховор элементийн салбарт хамгийн том тоглогч болох БНХАУ-ын тухайд 83 хувь нь хөнгөн, 17 хувь нь хүнд байдаг аж.
Дэлхийн нийт нийлүүлэлтийн 70 орчим хувийг дангаараа хангадаг бөгөөд ингэхдээ үйлдвэрлэлийнхээ 60 хувийг дотооддоо ашигладаг. Хятадын гурван мужид газрын ховор элемент бий. Өвөрмонголд нийт ордын 68.3 хувь нь байдаг аж. ОХУ-ын хувьд нөөцөөрөө нэлээд дээгүүрт ордог ч олборлолт байхгүй учраас бусад гэсэн ангилал руу оржээ.
Тиймээс ОХУ нь 1.5 тэрбум рублийн гарааны хөрөнгө оруулалтыг энэ салбартаа оруулж, ойрын үед буюу 2030 он гэхэд БНХАУ-ын араас орох зорилт тавьсан юм байна. Хамгийн том Томторын орд газраа ашиглахад 45 тэрбум рублийн санхүүжилтийг хийжээ.
Монгол Улс “Алсын хараа-2050” хөтөлбөрөөс гадна Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт “Газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслийг бодлогоор дэмжинэ” гэж тусгасан. Газрын ховор элементийн судалгааны ажил 1990 оноос өмнө хийгдэж эхэлсэн бөгөөд зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хувийн хэвшлүүд өөрсдийн хөрөнгө болон улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийснээр өнөөдрийн байдлаар тэрбум гаруй хүдрийн нөөцтэй, 3.1 сая тонн ислийн нөөцтэй зургаан орд газрыг нээж илрүүлжээ.
Тодруулбал,
-Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байрлалтай Лугийн гол /Рио ХХК эзэмшдэг/
-Өмнөговь Цогт-Овоо суманд байрлалтай “Хотгор” /Хотгор минералс ХХК эзэмшдэг/
-Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд байрлалтай “Мушгиа худаг” /Рэмат ХХК эзэмшдэг/
-Ховд аймгийн Мянгад суманд байрлалтай “Халзан бүрэгтэй” хүнд, хөнгөн хоёр орд /Монголиан нэшнл рийр ийт корп, Монголиан Лантаноиде корпораци ХХК эзэмшдэг/
-Хэнтий аймгийн Биндэр, Өмнөдэлгэр суманд байрлалтай “Цагаанчулуут” /НАБД ХХК эзэмшдэг/
-Увс аймгийн Завхан суманд байрлалтай “Улаан дэл” /Гео-Инфо” ХХК эзэмшдэг/ зэрэг ордууд юм. Газрын ховор элементийг олборлохдоо ил болон далд аргаар олборлодог.
Тухайлбал, БНХАУ-ын Баян-Овоо, Австралийн “Mount Weld”, АНУ-ын “Mountain Pass” зэрэг ордууд нь ил уурхайн аргаар газрын ховор элементийг олборлож байна. Далд уурхайн хэлбэрийг маш ховор байдлаар ашигладаг бөгөөд ОХУ-ын Мурманск муж дахь орд юм байна.